Энэ долоо хоног эхний өдрөөсөө эхлээд шуугиантай байсан билээ. Даваа гаригт УИХ-ын гишүүн Х.Баттулга олны анхаарлын төвд ороод байсан бол дараагийн хүн нь АТГ-ын дарга Н.Ганболд байсан юм.
Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх болсон нь хардлага төрүүлж байна хэмээх хүмүүс олон байлаа.
Харин энэ асуудлаар өнөөдөр өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж байгааа талаар мэдээлсэн.
Тэгвэл АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 75.4 хувь нь дэмжсэнээр ажлаас нь чөлөөлжээ.
Ийн асуудлыг хэлэлцэж байх үеэр АТГ-ын дарга Н.Ганболд гишүүдийн асуултад хариуллаа.
- Л.Энх-Амгалан: -АТГ-ын ажилтнуудыг авлигаас сэргийлэх талаар ямар ажил хийгдэж байна вэ? Цалин хэр бол?
- АТГ-ын дарга Н.Ганболд: -Манай байгууллагын албан хаагчдын цалин,бүтэц зохион байгуулалтыг УИХ тогтоож өгдөг. Төрийн албан хаагчдын цалин өнгөрсөн жил нэмэгдсэн. Манайхыг УИХ тогтоодог болохоор дагаад нэмэгдэх боломж муутай. Сүүлийн хоёр жил манай төсөв хөрөнгө буурсан. Үүнийг та бүхэн цаашдаа анхаарах ёстой. Улс төрөөс хараат бус байх нь удирдлагаас шалтгаалж байдаг. Би улс төрөөс хол байсан гэж үздэг. Би янз бүрийн асуудал гарахад өөрөө хол байдаг. Хамт олноо улс төрөөс хол байхыг уриалдаг. Хүнд үе байсан. Төрийн албан хаагч нарын цалин үнэхээр бага. Тэр нь авлигын нөхцөл рүү оруулдаг юм билээ.
- Н.Алтанхуяг: -Та МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан нь үнэн үү? “Нүүрс”-ний хэргээр холбогдсон хоёр залууг яагаад татварын хэргээр шалгаад байна вэ?
- АТГ-ын дарга Н.Ганболд: -Би М.Энхболд даргыг хотын дарга байхад Хотын цагдаагийн газрын даргаар ажилласан. Тэр үед нийслэлийн нийгмийн хэв журам зохицуулах ажлыг хариуцан ажиллаж байсан. Үнэн. Татварын данстай холбоотой шалгасан асуудлыг танд жич хариу хэлье. Прокурорын зөвшөөрөлтэй ярьдаг асуудал.
- Д.Тэрбишдагва: -Та ажлаа өгчихөөд зөвлөх ч юмуу төрийн албанд ажиллах уу?
- АТГ-ын дарга Н.Ганболд: -Би дахиж төрийн ямар ч албанд ажиллахгүй.
Үүнээс гадна энэ долоо хоногийн хамгийн шуугиантай асуудал, иргэдийн анхаарлыг төвд ороод байсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын талаар АТГ-ын дарга асан Н.Ганболд “Даваа гаригт болсон үйл явдлыг цагдаагийн байгууллагаас явуулсан арга хэмжээ гэж харсан. Эвгүй л харагдаж байна лээ” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна