• Эхлэл
  • Авлигатай тэмцэхэд саад учруулдаг ”Улстөрчид”-ийг нэрлэв

Авлигатай тэмцэхэд саад учруулдаг ”Улстөрчид”-ийг нэрлэв

2016/04/14

Өнөөдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар мэдээлэл хийж, АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар яаравчлан шийдвэрлэх гэж байгааг онцолсон юм.

Тэдний зүгээс сонгууль дөхсөн энэ үед УИХ-ын нэр бүхий гишүүд, улстөрчдийн АТГ-ын хараат бус ажиллах эрхэд халдаж болзошгүй эрхзүйн акт, хууль тогтоомжийг өнгөрсөн жилээс эхлэн санаачилж эхэлсэн нь цаанаа учиртай хэмээн тайлбарлалав.

Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Одын “Өнгөрсөн жил л гэхэд Өршөөлийн тухай хуульд авлигын хэрэгт холбоотой хүмүүсийг багтаах гэсэн оролдлогыг гишүүд гаргасныг таслан зогсоосон.

Энэ мэт байдлаар нэр бүхий гишүүд өөрийн булхай, луйвар, авлигын асуудлаа нуухын тулд АТГ-ын үйл ажиллагаанд саад хийх оролдлого үзүүлж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санаачлага гаргаж байгаа. Ялангуяа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах гэсэн оролдлого гаргаж байгаа” гэв.

Харин Олон нийтийн зөвлөлийн гишүүн Т.Хасбаатар “Улстөрчид авлигын хэрэгт холбогдсон бол шууд шалгуулж, нэрээ цэвэрлэж яагаад чадахгүй байна вэ. Олон хүмүүс цуглуулж, дуулиан шуугиан гаргаж сүржигнэж байна.

Түүгээр ч барахгүй АТГ-ын үйл ажиллагаанд саад хийх гэж оролдож байна” хэмээн авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй улстөрчдийн төлөөллөөс нь нэрлэсэн юм. Тэрээр “З.Энхболд, М.Энхболд, Г.Батхүү, С.Баярцогт, Сү.Батболд тэргүүтэй гишүүд нэн  тэргүүнд авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй байгааг шууд хэлэх хэрэгтэй” гэлээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна