Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баяр Монголын улстөрийн тод тоглогчдын нэг.
Арваад жилийн өмнө “Миний улстөрийн цаг 07:30 болж байна” гэж байсан тэрээр идэрмэг насандаа их улс төрөөс холдож байна гэж мэдэгдсэн. Улстөрчийн хувьд ид гялалзах насандаа ийн мэдэгдэл хийсэн нь тухайн үедээ олныг гайхашруулж, магадгүй ихэнх нь итгэхгүй байв.
Гэсэн хэдий ч түүнийг хаа юу хийж байгаа, хийх гэж байгаа төдийгүй хэлсэн үг болгон нь олны анхаарлыг татдаг. АНУ-д долоон хаустай, Оюутолгойн нууц эзэн гэх мэт олон “хэрэг”-ийн “эзэн” гэгддэг түүний улс төрийн орон зай хэвээрээ байгаа гэж үздэг хүмүүс ч олон байдаг болов уу, байсхийгээд л “С.Баяр их улстөрд эргэн ирнэ” гэсэн дуулиан дэгддэг. Харин энэ удаа С.Баяр улстөрд эргэж ирэх санаа байхгүй гэдгээ дахин мэдэгджээ. Тэрээр:
-Сонгууль ойртсон болоод ч тэр үү олон хүмүүс намайг улс төрд эргэн орох гэж дурсамжаа бичиж байна гэx юм. Харин надад зарчим байдаг, зарчмаа барихаас гадна эргээд улс төрд орох хүсэл надад алга. Хүсэл зоригоос гадна хүч тэнхээ хэрэгтэй.
Тэр нь ч алга. Улс төр гэдэг бол дурлаад байхаар амттай, амар хялбар ажил огт биш. Хагалгаа хийлгэсэн, хүчтэй эмээр тордуулсан учраас миний бие бүтэн биш. Дээд оргил гэдэг бол ямар эмнэлгийн тасаг биш, тэнд эрүүл хүн хүрэх ёстой. Баахан баалуулсан, гүтгүүлсэн учраас миний нэр бүтэн биш.
Долоон байр, долоон сарын нэгэн, таван хүний амь, таван төгөлдөржилт гээд олон сэдвээр намайг элдэвлэдэг. Тэр болгоныг тайлбарлаж учирлаад л, цээжээ дэлдээд л, хамаг байдгаа тоочоод, гүйгээд байх хүсэл алга. Цаг хугацаа гэж нэг юм бий. Хэзээ ч юм цаг хугацаа бүхнийг шүүнэ, таслан шийдвэрлэнэ.
Наадмын хөлийн тоос цаг хугацааны эрхэнд буугаад алсын бараа тод харагддагтай адил бодит үнэнийг цаг хугацаа харуулна, хэн нь юу хийсэн гээ л. Надаас одоо шинэ юм гарахгүй. Зөв гэнэ үү, буруу гэнэ үү би хийдгээ хийсэн.
Монголд хамгийн чухал нь боловсролын салбар, энэ салбарыг сайжруулахын тулд мөнгө хэрэгтэй, харин мөнгийг уул уурхайгаас олохоос өөр арга байгаагүй тул Оюу Толгойг хөдөлгөсөн юм. Улаан буудайгаа хүнээс гуйхгүйн тулд Атрын аяныг өрнүүлсэн. Ард иргэдийн мэдээллийг тодорхой болгож хүн амаа тоолохын тулд бид чадахаараа ажилласан.
Одоо шинэ үе гарч ирэх ёстой. Гэхдээ “Түр зуурын шоу” хөөцөлдсөн, яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн шинэ үе биш . Шинэ мэдлэг боловсролтой, шинэ ёс суртахуунтай, шинэ эрч хүчтэй шинэ үе. Бие нь ч, нэр нь ч бүтэн тийм л шинэ үе. Цаг нь хэдийнэ болсон гэж цахим хуудастаа бичсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна
Ichih sanaa zovhiig bol martsan.