Энэ долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 11-ний даваа гаригаас эхлээд улс төрд олон дуулиант үйл явдал өрнөв. Ар араасаа шил дарсан шуугиан ирэх өдрүүдэд ч үргэлжлэх бололтой. Ингээд болсон шуугиант үйл явдлыг эхнээс нь сануулъя..
Дөрөвдүгээр сарын 11 буюу даваа гаригт УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн мэдээллээр Баянгол рестораны гадаа хэвлэл мэдээллийнхэн болон улстөрчид, тамирчид цуглаж өдөржин хөл хөдөлгөөнтэй байв. Ямар сайндаа л
-Х.Баттулгыг өмөөрч хамгийн олон баатар цугларав
Улсын баатар-1 /хотын захирагч Э.Бат-Үүл,
Хөдөлмөрийн баатар-2 /Их аварга Д.Дагвадорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр,
Херо Баатар-1 /”Херо энтертаймент” найруулагч Б.Баатар/
Гарамгай Баатар-/УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гэсэн онигоо сошиалаар тархжээ. Үнэхээр ч энд УИХ-ын гишүүдээс эхлээд УИХ-ын даргын зөвлөх, сошиал од, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл гээд маш олон хүн цугларсан. Бараг Монголын жүдо бөхийн холбооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч жүдоч охид гар гараа зөрүүлэн гинжин холбоо үүсгэж Х.Баттулгын дотор нь байгаа гэх байшинг бүслэн хамгаалж байв. Ийн Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж байгаа эсэх тухай өдөржин шуугиж, эцэст нь Цагдаагийн ерөнхий газраас компанийг нь шалгаж байгаа болохоос Х.Баттулгыг баривчлах гээгүй гэсэн албан тайлбар хэлж, 20.00 цагийн үед Х.Баттулга өөрөө гарч ирэн “Ирсэнд баярлалаа. Ийм зүйл болсон нь харамсалтай байна” гэж, цагдаагийнхан хавтастай баримт бичгүүдийг шалгахаар авч явснаар нэг өдрийн дуулиан өндөрлөв. Гэхдээ үйл явц үргэлжилсээр 20.00 цагт Төрийн ордонд болсон УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр Х.Баттулга намаасаа гарна гэсэн утгатай үг хэлж, түүний тэргүүлдэг МоАХ дөрвөн сайдаа Засгийн газрын танхимаас татна гэсэн мэдээлэл одоо ч үргэлжилсээр байна.
Энэ үйл явдлын маргааш /2016.04.12/ УИХ-ын гишүүн Х.Баттулга Хууль зүйн сайд Д.Дорлигжавд өмнөх өдрийн үймээнтэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүссэн.
Энэ үеэр мөн шуугиан тарьсан зүйл бол Баянгол рестораны эсрэг талын байшин дээр мэргэн буудагч байрлуулсан байсан тухай. Харин дараа нь цахилгааны ажил хийж байсан ажилтан залуу өөрийг нь мэргэн буудагч гэж байгааг огт мэдээгүй гэдгээ хэлсэн. /Холбоотой видеог энд дарж үзнэ үү http://www.infomongol.mn/content/read/68282.htm/
Мөн энэ долоо хоногийн бас нэгэн шуугианы эзэн бол ШӨХТГ-ын дарга асан О.Магнай. Тэрээр энэ сарын 11-ний өглөө улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын хамт мэдээлэл өгсөн.
Х.Баттулгыг баривчлах дуулиан дэгдсэн энэ өдөр ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнгөрсөн долоо хоногоос өөрийнх нь ажлыг хүлээн авсан Т.Аюурсайханыг нэр бүхий сонин, сайтаар илт гүтгэсэн мэдээллүүдийг олон нийтэд тараасан гэж Т.Аюурсайханыг хууль, хяналтын байгууллагад өгөх болно гэдгээ мэдэгдсэн.
Тэрээр “Ер нь намайг яаж ажилласныг Т.Аюурсайхан гэж нэг намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой. Өнөөдөр би УИХ-ын гишүүн биш. Намайг шалгахад ямар ч хаалт хамгаалалт байхгүй. Шалгаж болно. Улайм цайм ийм гүтгэлэг тарааж болохгүй” гэж бухимдаж байв. Т.Аюурсайхан нь мөн О.Магнайгийн дараа ШӨХТГ-ын дараагаар ажиллаж байсан юм.
Түүнчлэн одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байсныг хүн бүр мэдэх биз ээ. Тэгвэл энэ өдөр МАХН-ынхан намын байрандаа “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэх өдөр” болгон хар нөмрөгтэй суулт хийсэн юм.
Харин дараагийн шуугиан бол АТГ юм. Авлигатай тэмцэх газрын дарга ажлаа өгөх шийдвэр гаргасан нь олны анхаарал татахын зэрэгцээ хардлага төрүүлсэн байна.
Тодруулбал: АТГ-ын дарга Н.Ганболд нь өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөлөө Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгч, УИХ энэ сарын 14-нд ажлаас нь чөлөөлсөн юм.
Түүнийг аль нэг улсын Элчин сайдаар томилно гэсэн таамаг дэгдэж амжсан бөгөөд АТГ-ын дарга асан Н.Ганболд ажлаа өгснийхөө “Би дахиж төрийн ямар ч албанд ажиллахгүй” гэж мэдэгдсэн юм.
Яг энэ үеэр /2016.04.14/ АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар мэдээлэл хийж, Авлигатай тэмцэхэд саад учруулдаг ”Улстөрчид”-ийг нэрлэсэн юм. Тэд “З.Энхболд, М.Энхболд, Г.Батхүү, С.Баярцогт, Сү.Батболд тэргүүтэй гишүүд нэн тэргүүнд авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй хүмүүс” гэв.
Ямартай ч тэд Авлигатай тэмцэхэд саад учруулдаг гэх нөхдүүдийг нэрэлчихлээ. АТГ-ын дарга ч гэсэн албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдчихлөө. Харин одоо шинэ дарга томилогдохыг хүлээх үлдэв.
Зэрэгцээд УИХ-ын гишүүн “Ж.Батзандан офшор данстай 40 гаруй улстөрчийг би мэдэж байгаа. Мэдээллийг нягтлаад зарлах болно” гэж эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн нийгэмлэг буюу “ICIJ”-аас Панамд офшор банктай улстөрчдийн нэрсийг зарласнаар Исландын Ерөнхий сайд огцорсон “буухиа”-г Монголд үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой.
Энэ мэтчилэн сонгууль дөхөхөөр улстөрчдийг элдэв мэдэгдэл, иргэдийн анхаарлыг татах тоглолтууд өрнөдөг уламжлал ёсоор өдөр болгон шахуу дуулиан дэгдсээр, магадгүй дэгдээсээр байна. Зэрэгцээд улстөрчид өмнөхөн нь шийдэж чадаагүй, шийдэх гэж хэлэлцэж ч байгаагүй асуудлаа сүүлийн хоногуудад шийдвэрлэнэ хэмээн идэвхжиж эхлээд байна. Тийм болохоор ирэх долоо хоногт ч гэсэн шуугиан дуулиан, улстөрчдийн идэвх намжихгүй биз ээ.
Ч.Гэрэлтуяа
Сэтгэгдэл байхгүй байна