УИХ-ын гишүүн Г.Уянга намын бүлгээсээ гарч буйгаа мэдэгдсэнээс хойш түүнийг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Ийн шинэ намын дарга болсон Г.Уянга өнөөдөр анхны хурлаа өнөөдөр 11.30 цагт УДЭТ-т эхлүүллээ. ТТЭНН нь 2015 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагдаж, 2015 оны тавдугаар сарын 29-нд Дээд шүүхэд бүртгүүлсэн юм байна.
Тус намд УИХ-ын дэд дарга Л.Цог, ЗХУ, БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа, Ардын жүжигчин Г.Хайдав, хуульч С.Нарангэрэл, “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатар, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар элсэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэхүү шинэ намын анхны хуралдаанд тэднээс гадна тус намын хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар оролцоно гэжээ.
Энэ талаар шинэхэн дарга Г.Уянга “Бие даагч гишүүдтэй уулзсан. Урилга хүргүүлсэн. Ойрын хугацаанд хариугаа өгөх байх” гэж ярьсан байна. Ийнхүү 2016 оны сонгуульд Г.Уянгаар удирдуулсан шинэ нам урлаг, соёл, улс төрийн олны танил хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцох бололтой.
Г.Уянга
-Бидний хэдэн нөхөд нийлж нам байгуулах оролдлогыг хийсэн ч амжаагүй. Гэтэл Сонгуулийн хууль батлагдаж сонгуульд орох нам зургаан сарын өмнө байгуулагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд бид гарцаагүй нийгмийн шинэчлэлтийн төлөө явж байгаа тул тус намд элсч, энэ алхмыг хийлээ. Олон ч жижиг нам элсэх саналыг бидэнд тавьсан. Гэсэн ч улстөрийн цоо шинэ хандлагыг тодорхойлох намын суурь гэж үзэн энэхүү намыг сонголоо. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам нь их мундаг гэж ярьж 24 улс төрийн намтай уралдуулах сонирхол алга. Өнөөдрийн тулгамдсан нийгэмд иргэдийн шаардлагыг биелүүлэх нэг хэрэгсэл гэж ойлгож тус намд элслээ.
Бидний гол онцлог бол эв нэгдэл. Тусгаар тогтнолоо батлахын тулд бидэнд эв нэгдэл чухал гэж бид үзэж байгаа. Эв нэгдэл, эвлэрэл, эвсэл бол тамгатай хүмүүсийн нэгдэл биш хувь хүмүүсийн эвсэл гэж харж байна. Өнгөрсөн 26 жил бид задарч хуваагдаж гүйцлээ. Тиймээс бид задралыг зогсоож эвлэрэл, нэгдэл, хамтрал, эвслийг урилж гарч ирж байгаагаараа онцлог гэж бодож байна гэж ярьсан байна.
Тэрээр намын даргаар томилогдоод найм хонож байгаа аж.
А.Амар
Сэтгэгдэл байхгүй байна