Улс төрд үймэн шуугиан их байгаагын зэрэгцээ намуудад хөл хөдөлгөөн ч их байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт нэгнийгээ баривчлах гэж бөөгнөрсөн, мөн нэг нь ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэт үйл явдал болсон.
Дээрх болсон үйл явдлын талаар өмнө нь олонтаа мэдээлсэн учир сануулах байдлаар дурьдав.
Харин энэ долоо хоногт намын тоо нэмэгдэж байгаа бололтой.
Өчигдөрхөн /2016.04.18/ УИХ-ын гишүүн Г.Уянга шинэ намынхаа анхны хурлаа эхлүүлсэн.
Тэрээр намын бүлгээсээ гарч буйгаа мэдэгдсэнээс хойш түүнийг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болж байгаа гэх мэдээлэл цацагдсан талаар өмнө нь мэдээлсэн. Ийн шинэ намын дарга болсон Г.Уянга өчигдөр анхны хурлаа УДЭТ-т эхлүүлсэн бөгөөд тус намд УИХ-ын дэд дарга Л.Цог, ЗХУ, БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа, Ардын жүжигчин Г.Хайдав, хуульч С.Нарангэрэл, “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатар, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар элсэж байгаа аж.
Энэ мэт үйл явдал болж байгаа ба өнөөгийн парламент АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН буюу таван намын төлөөллөөс бүрдэж байсан бол С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд, Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элссэнээр УИХ-д суудалтай намуудын тоо хоёроор нэмэгдлээ. Ингэснээр Монголын парламент долоон намын төлөөллөөс бүрдэж байна гэж хэлж болох бөгөөд УИХ-д бие дааж гарч ирсэн гишүүд нам бараадсанаар бие даагчдын төлөөлөл байхгүй болов бололтой.
Хамгийн сүүлд Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар МАН-ын Бага хурлын үеэр тус намын гишүүнээр элслээ. Энэ мэтчилэн холилдож, хутгалдсан тэдний баг бүрдүүлэлт, цаашдын үйл ажиллагаа нь хэрхэн үргэлжлэхийг харах үлдэв. Сонгууль дөхөхөөр бүгд л ард иргэдээс оноо авах, анхаарал татах хачин жигтэй үйлдэл гаргах болсон. Гэвч ард түмний хүссэн хүн нь байх болов уу? гэдэг асуулт болоод байгаа юм.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна