• Эхлэл
  • Н.Энхбаяр хоёр Энхболдын нэгийг нь нөгөөд нь“Барьцаалав”

Н.Энхбаяр хоёр Энхболдын нэгийг нь нөгөөд нь“Барьцаалав”

2016/04/19

Н.Энхбаяр “амьд” гарахын тулд хоёр Энхболдын гарнаас зуурлаа. Баруун гараараа МАН-тай эвсэх санамж бичиг үзэглэж байвч зүүн гараараа З.Энхболдыг шантаажилж чич­лэх аж. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар сонгуульд хоёр нам хам­тарч орох тухай мэдээлэл хийх­тэй зэрэгцэн Н.Энхбаяр, Ц.Оюун­баатар нар З.Энх­болдын өрөөнд уулзаж тохироо хийж суув.

Хэрэв өөрийг нь цагаат­гах тухай хуулийг төслийг энэ долоон хоногийн хуралдаанаар хэлэлцэн баталбал МАН-тай хамтрах асуудлаа цуцлах тухай ч мэдэгдсэн гэх. Тус хуулийн төслийг АН, МАХН-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж, Хууль байнгын хороогоор хэлэлцүүлсэн гэх мэдээлэл бий.

Товчхондоо тэр уснаас хуурай гарахын юуг ч золигт гаргаж чадахад бэлэн гэдгээ үйлдлээрээ баталгаажуулав. Уг нь Н.Энхбаяр М.Энхболдтой гар барьж чадвал эрх баригчдад нүд үзүүрлэгдэж, айлын шоовдор хүүхэд шиг хавчигдаж суух шаардлагагүй болно.

Мөн Засгийн хаяаг бараадаж, хоолны үлдэгдэл царайчилж, арга эвийг нь олох гэж зүдрэхийн зовлонгоос ч ангижирах байв. Жижигхэн биетэй нөхөрт хэдэнтээ тонгоруулж, “залилуулах” ч хэрэггүй болох байлаа. Гол нь их улс төрд эргэн ирснээ тэмдэглэж, хуучны хэдэн дүү нартайгаа хундага тулган баярлах мөч ойрхон байв. Харамсалтай нь, тэр сонголтоо буруу хийв бололтой.

Түүнийг улс төрөөс зайлуулахын тулд элдвийг сүвэгчлэх олон үйл явдлыг өнгөрсөн хугацаанд нийтээрээ хангалттай үзсэн. Ар, өврийг нь уудалж, тойрон хүрээлэгчдийг нь хүртэл цагдан хорьсон. Хүн тэжээвэл толгой цустана гэгчийг багийнхан нь нотлон харуулсан үйл явдлыг ч эргэн дурсаж болно. Эцгийнхээ босгосон компанийг гартаа оруулахын тулд ах, дүүс алалцаж, аавынхаа аминд ч хүрэхэд сийхгүй болдог солонгос драм шиг үйл явдлыг Шударга ёс эвслийнхнээс хангалттай харсан гэхэд хилсдэхгүй биз.

Юутай ч С.Баярцогт шиг харийн дансанд нуугаад мартсан мөнгөгүй ч нааж, нялзаагаад “уучлах” зүйл байдаг бололтой юм, хөөрхийд гэж өмөөрч байв. Уг нь С.Баярцогт шиг дархлаатай байсан бол Н.Энхбаяр Шадар сайдаар ч “шагнагдаж” мэдэхээр байж гэж өмөлзсөн үе бий. Цаашилбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга шиг Намсрай бурхан тараахын оронд Мэгжид Жанрайсигийг бүтээсэн гавьяатан гэж ч алдаршуулж билээ. Гэвч би түүнтэй л ижил хүн таньдаггүй нэгэн бололтой. Тэр тойрон хүрээлэгчиддээ таньж чадаагүй шиг эксийг би өнгөцхөн дүгнэчихэж. Улс төрийнх нь тоглолтын нэгээхэн хэсэгт нь хууртчихаж.

Үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангас гэж АН-ынхан үздэг нь алдаагүй сонголт байж. Тэр дундаа нүд нь бүлтрэх шахам хардаг тэр нэгэн эрхмийн айж мэгддэг нь ч аргагүй юм хөөе. МАН-ынхан төрөлдөө ирж байгаа Н.Энхбаярыг алгаа тосоод угтсан нь саяхан. Өмнөх хар үйлийг нь цагаатгаад угтсан нь ч бий. Тэр ч бүү хэл, хамтран ажиллахаар болсон тухайгаа мэдэгдэхдээ Н.Энхбаярыг учиргүй хайрлан, хамгаална гэдгээ хэлж байна билээ. Ширхэг үсийг нь ч хайрлан хамгаална гэж тангараглах шахаж харагдсан. Гэвч Н.Энхбаяр хамгаалалтаас татгалзлаа.

Дүүжлүүлийн оос­роос барьж зогссон АН-ын зүг алхчихлаа.  Н.Энхбаяраар далимдуулж Н.Алтанхуягийг жагсаал­таас гаргахдаа л АН-ынхан өөрийн гараар оосроо эрчилж эхэлсэн юм. Тойрон хүрээлэгчдийг нь хүртэл урвуулж Н.Алтанхуягийг ганцаардуулж орхихдоо хаалттай хөшигийг гэнэт хуу татаж, үнэн төрхийг нь илчилнэ гэж тооцоолоогүй. Яг л Н.Энхбаярыг бөхийн өргөөнд зочлоход Ц.Элбэгдорж барьц алдсан царай гаргадаг шиг. Харцаа хорьж дийлэхгүй байгаа Эбэгийн царай яг л уур уцаар, гомдол, цөхөрлөө барьж дийлэхгүй байгаа

Н.Алтанхуягийг шиг харагдаж байсан юм. Улмаар Х.Баттулга нэмэгдсэн.  Туслахуудыг нь барьж хорих байдлаар түүнийг оролдож, үйлийг нь үзсэнээр С.Баярцогт ил гарсан. Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг, Х.Баттулга С.Баярцогтыг нэрлэж, АН хичнээн хагаралдаагүй гэж мянга орилоод ч нэмэргүй болсныг зарласан. Улмаар зөвшилцөж, ойлголцох гэж нүүр тулаад ч ахиц, дэвшил гарахгүй байгааг АН-ын гишүүд хуучилдаг. Нөхцөл байдал ийм байхад Н.Энхбаяр М.Энхболдтой гар баривал АН амиа хорлосонтой адил. Тиймдээ ч Зэ Н.Энхбаярт шантаажлуулаад суугаа биз.

Ядаж байхад яр гэгчээр АН-тай эвсэх улс төрийн хүчин ч алга. Аль болох эвтэйхнээр татгалзсан хариу бусад намууд дайж, зайгаа барьж эхэлсэн. Тайзны голд шалдан зогсож байгаа АН-ынхан ҮЗХ-ны хурлаа орой болтол хойшлуулсан нь ч шалтгаантай байж. Ямартай ч АН 16 жилийн ганцаардалтайгаа үлдэх үү, Н.Энхбаяр өс хонзонгийн цэцгээ тэвэрсээр хоцрох уу гэдэг нь өнөөдөр эцэслэгдэх биз ээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Tosol UIH deer unana
    2016 оны 04 сарын 20
  • Зочин
    За з энхболд та энэ аймшигтай хүний ааш аягт багтаж хууртагдвал хожим хар толгойгоо нохойд хаяж өгсөнтэй яг адил болно гэдгийг урд өмнө түүнтэй шадарлаж яваад сүйрсэн хүмүүсийн хувь тавилан бэлхнээ гэрчилдэг шүү
    2016 оны 04 сарын 19