Сонгуулийн өдрүүд ойртох тусам улс төрийн анхаарал татам үйл явдал идэвхжиж байна. Өнгөрсөн долоо хоногт улстөрчийн тоглолт-шоу гэмээр олон үйл явдал болсон бол долоо хоногт нам, эвслийн томоохон тохироо хийгдэж буй. Учир нь дөрөвдүгээр сарын 30 гэхэд сонгуульд оролцох нам эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх учиртай.
Эдгээрээс анхаарал татсан асуудал бол мэдээж МАХН болон МАН-ын эвсэх эсэх тухай асуудал байлаа. Өчигдөр шөнө дөл хүртэл хуралдсан МАН-ынхан МАХН тохирооноосоо буцсан учраас эвсэх боломжгүй гэсэн шийдэлд хүрчээ. МАХН-аас 51:25 гэсэн харьцааг өөрчлөх санал ирүүлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "МАН-ын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бага хурлаар МАН, МАХН сонгуулиар эвсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гээд чадахгүй байна.
Н.Энхбаяр дарга бусад нам эвслүүдтэй яриа хийгээд яваад байгаа бололтой. Яг одоогоор хэлэлцэж тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ. Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо саналын тоо харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх гэж байна.
Квотыг тогтоохдоо МАН 80, 20 МАХН байна гэдгийг нэмж оруулах, засаг дарга, ИТХ авсан суудлаас үл хамааран сөөлжилж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцсан. Санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт бий. СЕХ-ны албан тоотоор бол намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг 20-иас өмнө буюу өнөөдөр дуусгавар болгох учиртай. Цаг хугацаа ийм богино байхад тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, эцсийн хариугаа өгөхийг шаардаж байгаа. МАХН хэлснээсээ буцаж эхэллээ. Хэрвээ эцсийн шийдээ хэлэхгүй юм бол МАН эвсэх боломжгүй” хэмээв.
Ийн нэгдэж амжаагүй атал зөрчилдөж эхэлсэн МАН, МАХН тохиролцоонд хүрч чадсангүй. МАХН-тай эвсэхгүй гэдгээ МАН өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Үүнээс гадна өчигдөр бас нэгэн үйл явдлын эзэд ИЗНН-ыхан байлаа. Сануулбал: Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 16-нд ИЗНН-ын хуралдаж зарим асуудал хэлэлцээд өчигдөр мөн үргэлжлүүлэн хуралдсан.
Энэхүү хурлын талаар УИХ-ын гишүүн С.Оюун “АН-ын зүгээс аль нэг намтай эвсэхгүй гэдгээ илэрхийлж байна. Хэрэв манай нам АН-тай нэгдэх шийдвэр гаргавал өөрийн намаа татан буулгаж, АН-д орно гэсэн үг.
Гэтэл цаг хугацааны хувьд боломжгүй. Яагаад гэвэл АН дүрмээ өөрчлөөгүй тохиолдолд бид нэгдэх боломжгүй. Тиймээс Үндэсний хурлаар зөвхөн мөрийн хөтөлбөрөө батлана” гэж мэдээлж байсан.
Тэгвэл өчигдөр АН сонгуульд бусадтай эвсэхгүй дангаараа оролцоно гэдгээ зарлачихсан. Ингээд өнөөдөртөө Монголын хамгийн том гэгддэг МАН, АН дан, дангаараа сонгуульд оролцохоор болж байна.
Харин ИЗНН –ын хувьд бусад жижиг намуудтай эвсэн сонгуульд оролцох хувилбар байж болох юм.
Ийн том гэгддэг намууд тохиролцоо хийж байх зуур МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн байгаад бүлгээсээ гарсан Г.Уянга Тусгаар тогтнол эв нэгдлийн нам /ТТЭН/-д элсээд найм хоногийнхоо “ой” дээр намын дарга болон энэхүү шинэхэн намыг сонгуульд удирдан оролцохоор болж байх шиг байна. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам мөн л шинэхэн хүчин гэсэн тодотголтой гарч ирж байсан ХҮН-тэй сонгуульд нэгдэн оролцоно гэсэн мэдээлэл бас гараад байна.
Хоёр дарга, хоёр тамгатай болоод байсан ХҮН саяхнаас анхны дарга С.Боргилынхоо удирдлага дор ажиллахаар тохиролцсоноо зарласан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус намд элсэнгүүтээ дарга нь болсон ч намыг “хагалсан” гэж буруутгагдан Дээд шүүх шинэ дарга нарыг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаран гацаад байсан юм.
Харин Г.Уянгын одоо толгойлох болсон Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг намаасаа гарч бие даан нэр дэвшсэн ч болно гэсэн үг унагаж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын “ивээлд” байгаа гэсэн яриа мөн гараад байгаа юм.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна
БИЕ ДААГЧДАА ДЭМЖИЖ БАЙХГҮЙ БОЛ ГАРГАЯ
МОНГОЛД НАМ ШИГ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ АЛГА