• Эхлэл
  • Есөн эргүү ба М-АН-гуу намууд

Есөн эргүү ба М-АН-гуу намууд

2016/04/26

Хэдхэн жилийн өмнө сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоо нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй хэмээн дүгнэж байсан, дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэгдэх, Үндсэн хуулийн гишүүд саяхан зөрчлөө гээд “залруулчихаж”. Зөнөг нь дийлээ юү, тэнэг нь дийлээ юү? Зөвөө буруутгаж байгаа, буруугаа зөвтгөж байгаагаа үл мэдэх эрхэм есөн эргүү Монгол улсын хувь заяа хамаагүй бололтой.

76 тойргоос зөндөө олон сонгуульдаад ямар хор хөнөөл гараад, яаж засаж засруулах вэ гээд хувь тэнцүүлэх хэсгийг нэмж холимог тогтолцоотой болсон сон. УИХ-ын сонгуульд ийм дэвшил оруулж байхад хаагуур юугаа хийж явсан хүмүүс юм бол? Тэр үед төрөөгүй байсан гэхэд хэцүү. Уг нь төрсөн байсан, тэр байтугай зарим нь энэ албан тушаал хашиж байсан л байгаа юм. Эсвэл ийм богинохон ой санамжтай юм уу?

Уг нь “Үндсэн хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 2-т ” Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэднийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байгаа нь шууд хүнийг нэрлэх гэсэн утгатай үг биш юм.

Шууд сонгох эрхийн үндсэн дээр гэдэг нь сонгогчийн санал УИХ-г байгуулахад шууд оролцсон байх гэсэн утгатай. Хэрэв, муйхараар, хүнийг шууд нэрлэх гэж ойлгож байгаа бол нийтээрээ гэдгийг улс даяараа гэж ойлгох ёстой болно. Яагаад гэвэл, Үндсэн хуулинд төрийн байгуулал нь нэгдмэл буюу Монгол улсын хилийн дотор нэг, харин засаг захиргаа аймаг, сум, нийслэлд хуваагдана гэж заасан.

Тэгвэл төрийн төв байгууллага болох УИХ-ын сонгууль засаг захиргааны нэгж болох аймаг, сумаар хуваагдаж УИХ-ын гишүүнийг сонгож болохгүй. 76 гишүүнийг нэг бүрчлэн нийтээрээ сонгох ёстой. Одоо сонгуулийн хуулийг өөрчлөхөөр сэтгэл шулуудсан юм бол 76 гишүүнийг нэрээх дугуйлах улс орон даяар нэг тойрогтой болго. Тэгж байж сонгогч, сонгуульд нэр дэвшигчдийн эрх тэгш хангагдана.

Нөгөө талаар АН болон МАН үүнийг баяртайгаар хүлээж авч байх шиг байна. Хэрвээ эдгээр намууд ингэх байсан бол юунд холимог тогтолцоог оруулж ирсан юм бэ? Одоо үүнийгээ алдаа байсан гэж бухах гэж оролдож байх шиг байна. Үүгээрээ тэд өөрсдийгөө булшлах маш том нүхээ малтчихлаа. Хэрвээ холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол, эдгээр намууд нь хүлээн зөвшөөрч байгаа бол дараах логик урган гарна. Нэгдүгээрт, 2012 онд Үндсэн хуулиар эрх нь олгогдоогүй хуулиар УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан байна.

Сонуулийн үр дүн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох ёстой. Үүнтэй уялдан, энэ хугацаанд батласан хуулиудын эрх зүйн чадамж араасаа асуудал дагуулж байна. Нөгөө талаас, 2012-оос 2016 онд төрийн эрх мэдлийг барилцаж байсан бүх нам Монгол улсын хуулийг төрийн эрх барихын тулд Үндсэн хууль зөрчсөн сонгуулийн хуулийг зөвхөн өөрсдийнхөө сонирхолд нийцүүлэн батлаж, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 -т зааснаар ” Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Үүнийг тодруулбал, АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН зэрэг намууд төрийн эрхийг хууль бусаар булаан авсан болох ба “Улс төрийн намын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар эдгээр намуудын үйл ажиллагааг Монгол улсад хориглох ёстой. Шийдэл нь мэдээж, бүгдийг татан буулгаад улс төрчид нь одоо байгаа намууддаа л хуваагдаж очдог байх даа.

Уг нь бид Үндсэн хуулийн төлөө, түүний хоточ банхар гэгдэх 9 хүний төлөө амьдраагүй юм. Харин Үндсэн хууль, түүний цэц нь бидний төлөө, бидний амьдралын төлөө байх ёстой. Гэхдээ асуудал ийм өрнөлтэй харагдаж байна. Бүрдээрээ урагшаа юу?

Нийтлэлч Ц.Ганбат

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ОДоржпурэв
    Талархал дэвшуулэе.Нам гэх зохион байгуулалттай булгэллуудийг татан буулгахыг дэмжинэ.Монгол Улс аль1 нам,булгэллийн УЛС биш!!!
    2016 оны 04 сарын 27