• Эхлэл
  • Ч.Мөнхбаяр: Цөмийн хаягдал булшлах аюул бодит болоод байна

Ч.Мөнхбаяр: Цөмийн хаягдал булшлах аюул бодит болоод байна

2016/04/26

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны шөнө Чернобылийн атомын цахилгаан станцын IV блок дэлбэрч хэдхэн хормын дотор иод-131, цези-137, стронци-90, плутони гэх мэтийн онц аюултай цацрагт идэвхт бодисууд агаарт их хэмжээгээр цацагджээ.

Тухайн үеийн ЗХУ гамшигт ослыг нууж өнгөрүүлэх гэж байсан боловч дэлхий нийтэд ил болсон юм. Хуучнаар социалист ЗХУ олон нийтэд ослын талаар шууд мэдээлэхгүй байсаар маргааш өглөө нь 50 км-ийн тойрогт орших хот тосгодын хүн амыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байдаг. 1986 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 5-ны хооронд цэргийн 30 гаруй нисдэг тэргээр 2400 тонн хайрга, 1800 тонн элс цацаж, галыг унтраан цацраг идэвхжилтийг бууруулахыг оролдсон боловч бүх л оролдлого амжилтгүй болсон байна.

Зарим нэг мэдээллээр 600-800 мянган хүн 1989 он хүртэл Чернобылийн цацраг идэвхжилтийг цэвэршүүлэх үйл ажиллагаанд оролцсон гэдэг. Тэдний ихэнх нь аюулгүйн дээд хэмжээнээс 500 дахин илүү тунгаар цацраг идэвхжилтэд хорджээ. 30 жилийн өмнө болсон энэ аймшигт ослыг тухайн үеийн ЗХУ-ын коммунист удирдагчид ард олноосоо нуун дарагдуулахыг хичээж хоног хугацаа алдсанаар гэм зэмгүй мянга мянган иргэд цацрагт туяаны өндөр тунгаар хордсон гэж үздэг юм.

Тэгвэл 30 жилийн дараа яг энэ өдөр монголчууд цацрагын аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Өмнө уран ашиглахыг идэвхтэй эсэргүүцдэг иргэний нийгмийн байгууллынхан энэ өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Өмнө тэднийг Чингисийн талбай анхааруулах жагсаал хийнэ гэж байсан ч зөвшөөрөл олгоогүй учир  СТӨ ард лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлэн, гадаа хэвлэлийн бага хурал хийв.

Энэ үеэр Ногоон парламентийн гишүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

- Та бүхэн Монголд атомын цахилгаан станц барихыг эсэргүүцээд, хор уршгийг нь товчхон тайлбарлавал?

- Монгол Улсад атомын цахилгаан станц барьж бусад улс руу эрчим хүч экспорлох буюу энергийн том экспортлогч болъё гэдэг. Гэвч энэ нь маш аюултай. Монгол Улсад атомын цахилгаан станц барих мэргэжил, боловсон хүчин дутмаг.

Одоо л гэхэд эрчим хүчний станцад байнга техникийн саатал, осол гарч, цахилгаан тасарч байгаа биз дээ. Манайд цахилгаан эрчим хүчний үйл ажиллагаа хариуцлагын байдал ийм л төвшинд байгаа шүү дээ. Нэмэлт өргөтгөл хийгээд байхад л байнга цахилгаан тасардаг  нь техникийн осол саатал байнга гарч байдаг гэсэн үг.

Хэрэв Монгол Улс атомын цахилгаан станц барих юм бол Чернобыль шиг осол гарах маш өндөр магадлалтай. Тэгэхээр Чернобыль шиг болохоос бид сэргийлж тэмцэж байна. Бид өнгөрсөн долоо хоногоос янз бүрийн хэлэлцүүлэг, уулзалт, телевизийн ярилцлага хийснийг та бүхэн сонссон харсан байх. Өнөөдөр СТӨ ард бичил цуглаан хийлээ.

- Үүний эсрэг тэмцлийн ямар хэлбэр байж болох вэ. Тэгээд та бүхний тэмцэл үр дүнд хүрч байна?

-Иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор янз бүрийн ажил хийдэг. Саяхан гэхэд Төрийн ордны гадаа шар нунтаг цацаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэтэл террорийн чанартай үйл ажиллагаа зохион байгуулсан гэж хардагдаад шууд 24 цаг саатуулах шийдвэр гараад таван цаг сахилгад хорилоо. Тэнд халаалтгүй хүйтэн өрөөнд хөл нүцгэн хорьсон. Үүнээс болж эмнэлэгт хэвтэхээ дөхсөн. Энэ мэтээр бид цочироо өгөхөөр оролдож байна.

- Хүмүүс цөмийн аюул, хор холбогдлыг хэр сайн ойлгож байна вэ?

-Цөмийн хаягдлыг булшлуулахгүй гэж эсэргүүцэж байгааг хүмүүс ойлгохгүй, буруу тэмцэл хийж байна гэж сурталчилгаа их явсан. Гэтэл 2009 оноос цөмийн хаягдлыг Монголд булшлах шат дараатай ажиллагаа  явагдаж байна. Цөмийн хаягдлын булшлах ёстой гэдэг хууль эрх зүйн олон зүйл заалтыг зохих хуулиуд оруулсан. Дээрээс нь цөмийн хаягдал булшилж болохгүй гэсэн зүйл заалтуудыг бүгдийг нь холбогдох хуулиудаас хассан.

- Та энэ талаараа илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Ингэж хэлэх ямар үндэслэл байна?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дорнодын Мардай, Улаанбаатарын Алдартолгой, Дорноговийн Даланжаргалантад булшилна гэж заасан байгаа. Хятадын Шин-Шинь гэх компани нь Мардайн Монголын Засгийн газар оногдох хэсгийг зарна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярьсан. "Хан ресурс"-ын өрийг дарахын тулд. Үүнийг Хятадын Шин-Шинь компани авах сонирхолтой байгаа. Энэ компани нь өмнө нь гурван жилийн дурш полеметалл олборлож байна гэж ураны нууцаар олборлоод хилээр хулгайн замаар гаргаж, ажилчин нутгийн ард иргэд, мал сүрэг, байгаль орчинг гурван жил бохирдуулсан. Монголын төрийн дөрвөн байгууллагын хамтарсан шалгалтаар зөрчил илэрч үйл ажиллагааг нь зогсоосон. Гэсэн хэдий ч тэр үеийн н.Алтангэрэл гишүүн тэргүүтэй хүмүүс өмгөөлж хамгаалаад үйл ажиллагааг нь сэргээж байсан.

- Хятадын Шин-Шинь компанийн сонирхол яг юу вэ?

- Хятадын Шин-Шинь гэх компани газар доогуур ухаад Мардай руу орчихсон байгаа. Уг нь тэдэнд Мардайд үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. Тэгэхэд газар доорх уурхай нь Мардай руу орчихсон. Монголын Засгийн газар оногдох хэсгийг тус Хятадын компан нь худалдаж авах сонирхолтой. Энэ компани Мардайг авчих юм бол манай Засгийн газар мөрийн хөтөлбөртөө цөмийн хаягдал булна гэж заасны дагуу Шин-Шинь компани гүйцэтгэх магадлал өндөр байгаа юм. Маш их аюул биднийг хүлээж байна.

- Нууц ажиллагаа явагдсан гэж байсан. Тэр нь юу вэ?

- Дорноговийн Даланжаргаланд туршилтын булалт хийсэн буюу нууц ажиллагаа явагдсан гэж Дорноговийн ИТХ-ын нарийн бичгийн дарга 2013 онд надад хэлж байсан.  Улаанбаатарын Алдартолгойд гэх газар бий. Энэ газрыг дэд бүтэцтэй хэмээн сонгосон. Цөмийн хаягдал булах газар дэд бүтэцтэй байх ёстой. Иймэрхүү цөмийн хаягдал булшлах явдал бодитоор явагдаж байгаа.

- Та бүгдийн тэмцлийн дараагийн хэлбэр юу байх вэ?

- Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй байна. Харин удахгүй энэ асуудлаар хэлэлцүүлэг хийнэ.

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Монгол
    Геологич нэртэй гөлөгөө Шинь шин гээд хужаа сармагчингийн компани Дорнодод байрладаг юм. Удахгүй тэднийг бүгдийг нь устгана.
    2016 оны 04 сарын 28
  • геологич
    хаха ёстой шааж өгчээ ёоооё элэг элэг. байгаль орчныг хамгаалдаг хүмүүс ийм тэнэг байдаг юм уу эсвэл хүмүүсийг тэнэг гэж боддог юм уу? Шин шин мардай 2 чинь хоорондоо мангар хол биздээ хаха ёооооёоё
    2016 оны 04 сарын 28