• Эхлэл
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай анхны хэлэлцүүлэг болов

Мал, амьтны эрүүл мэндийн тухай анхны хэлэлцүүлэг болов

2016/04/26

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15 цаг 16 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей танилцуулав. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2 удаа, дэд хэсэг 10 удаа хуралдаж зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёололыг бэлтгэн хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нарын мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон хяналтын чиг үүрэг, тогтолцооны талаар тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей, ажлын хэсэг хариулт өглөө.

Хуулийн төсөлд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогч субьектууд, ашиг хүртэгч талуудын эрх, үүрэг болон хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлыг оновчтой болгохоор тусгасан байна. Мөн Мал эмнэлгийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, хяналтын тогтолцоо нэгдмэл болсноор монголын мал эмнэлгийн албаны үйл ажиллагааны мэргэжлийн удирдлага, хяналт, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүгийн төлөвлөлт, хүний нөөцийн чадавх сайжирч олон улсын жишигт нийцүүлэхээр тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлд тусгасан зарим чиг үүргийн давхардал, уялдаа холбооны талаар эргэж нягталж үзэх, хэлэлцэн сайжруулах асуудал нээлттэй байгааг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей хэлэв. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 42, найруулгын шинжтэй 39 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна