• Эхлэл
  • ”Ялтан” гэсэн нэр томьёог “Ял шийтгүүлсэн этгээд” гэж өөрчлөнө

”Ялтан” гэсэн нэр томьёог “Ял шийтгүүлсэн этгээд” гэж өөрчлөнө

2016/04/28

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2016.04.27/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хууль зүйн байнгын хороо дөрөвдүгээр сарын 06, 13, 20-ны өдрүүдийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэнээ нэгдсэн хуралдаанд танилцуулаад байсан юм.

Ингээд үдээс хойших хуралдаанаар саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн нэрийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэж өөрчлөх, хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг төсөлд нэмж тусгах саналыг дэмжсэн байна.

Хэргийн бодит үнэнийг тогтоохдоо шүүх, прокурор, мөрдөгч нь хэргийн бодит үнэнийг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтооно, шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн эсэхийг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй байхаар хуульд тусгахыг олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн "ялтан” гэсэн нэр томьёог “ял шийтгүүлсэн этгээд” гэж өөрчлөх, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрх зүйн үндсийг тодорхой болгож, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг хуульчилсан зохицуулалт нэмэх саналууд дэмжлэг авсан юм.

Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нөхцөлийг нарийвчлан заах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Яллагдагч эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэхээр төсөлд тусгасан байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрт яллагдагчийн очих, оршин суух, ажиллах, зорчих газар, тодорхой хүнтэй уулзахгүй, харилцахгүй байхыг зааж, хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгахаар тусгажээ.

Шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тухайн аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэр гаргадаг байхаар төсөлд тусгах тухай УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нарын гаргасан зарчмын зөрүүтэй санал мөн гишүүдийн олонхийн саналыг авсан.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан бол нотлох баримтаар тооцохгүй байх тухай тусгахыг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авахтай холбоотой заалтуудыг дэмжсэн юм.

Нэгдсэн хуралдаанаар ажлын хэсэг болон, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна