• Эхлэл
  • Б.Бямбасайхан: Гүний уурхайд нэг жилд нэг тэрбум ам.доллар зарцуулна

Б.Бямбасайхан: Гүний уурхайд нэг жилд нэг тэрбум ам.доллар зарцуулна

2016/04/28

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. 

-1072 ширхэг хувьцааг тойрсон асуудлууд сүүлийн үед их гарах боллоо. Зарим нь энэ хувьцааг бүр байхгүй болсон гэж ярьж байна. Ойлголтын зөрүү их байх шиг. Үнэхээр 1072 ширхэг хувьцаа байхгүй болчихсон юм уу?

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолоор иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа. Тогтоолуудын хүрээнд компанийн хувьцааг "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" компанид бүртгэж, баталгаажуулсан. Харин хувьцааны арилжаа эхлээгүй байна. 

Хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бүтээгдэхүүний үнэ ханш, хөрөнгө оруулагчид, засаглал гээд олон хүчин зүйлээс хамаардаг.

Тийм учраас маш их бэлтгэл ажил хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" компани ашигтай ажиллаж байж хувьцааны үнэ цэнэ эзэмшигч хүнд мэдрэгдэнэ. Түүний дараа арилжаалах боломжтой болно. Ашигтай ажиллахын тулд томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Бизнес бол бизнесийнхээ зарчмаар ажиллах шаардлагатай.

Хэдийгээр үйл ажиллагаа нь эхлээд зургаан жил болж байгаа боловч бизнесийн бус нөлөөлөл их байсан. Бүгд л мэдэж байгаа байх. Мөн олборлосон нүүрсээ хаана ямар зах зээлд борлуулах вэ гэсэн асуудлаар маркетингээ шинэчилж, шинэ арга барилаар ажиллах шаардлагатай. Энэ мэт зүйлүүдийг хийж байж хувьцаа үнэ цэнэтэй болно. Эсрэгээрээ компани ашиггүй ажиллаад байхаар хувьцааны үнэ тодорхой биш байна шүү дээ. 

-Хувьцаагаа хэн нь мэдэгдэхгүй хүнд 300 мянга, 800 мянган төгрөгөөр зарж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Ийм боломж байдаг юм уу?

-Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ үед янз бүрийн цуу яриагаар асуудалд хандаж болохгүй. "Тавантолгой" компанийг ашигтай ажиллуулах л ёстой. Тэгж байж хувьцаа нь эзэндээ ашгаа өгнө.   

-Ер нь Тавантолгойд хөрөнгө оруулалт хийгдэх үү. Яриа хэлэлцээ хийж байгаа юу?

-Бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулна гэдэг нь нэг талдаа балансаа эрүүлжүүлэхээс гадна шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн үг. Шинэ тоног төхөөрөмж, техник авснаараа энэ компани ашигтай ажиллаж эхэлнэ шүү дээ. Тийм шаардлага байгаа учраас ажиллах л ёстой. Түүнээс гадна манай улсын хамгийн том худалдан авагч Хятад улсын зах зээлд төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээнд янз янзын өөрчлөлт гарч байна. Энэ нь бидний бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа. Зах зээлийн нэг хэсэг мөн л юм чинь зарчим, стандарт, дэг жаягийнх нь хүрээнд явах ёстой. Түүнээс асуудлыг улстөржүүлээд байх нь ард түмэн та бидэнд сайн зүйл огт биш.   

-Одоо Тавантолгойн аль хэсгээс олборлолт хийж байгаа вэ? 

-Баруун Цанхийн үйл ажиллагаа түр зогссон. Зүүн Цанхийн олборлолт хэвийн явагдаж байгаа. 

-Төмөр замаа барихгүй л бол Тавантолгой ашигтай ажиллаж чадахгүй гэж ярьдаг. Гэтэл төмөр замын бүтээн байгуулалт зогсчихлоо. Шалтгааныг нь та юу гэж харж байгаа вэ. Нөгөө л улстөржилт үү?

-Аливаа том төсөл, бүтээн байгуулалтыг эхлэхдээ санхүүжилтийг нь 100 шийдвэрлэсэн байх гэдэг нь эрсдэлээс зайлсхийж байгаа зүйл шүү дээ. Зах зээлийн өөрчлөлтүүдээс болж санхүүжилт зогсох асуудал  их байдаг. Тэгэхээр санхүүжилтээ нэгмөсөн шийдэж байж ажлаа эхлүүлдэг зарчим барьж ажиллах хэрэгтэй. Төмөр зам барих хэрэгтэй гэдгийг хүн болгон л ойлгож байгаа. Гэхдээ нүүрсний зах зээл хүнд байдалд орчихоор төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхолтой хүн багасчихаж байгаа юм. Зөвхөн хүслээр том төслийг хэрэгжүүлэх бус нарийн тооцоо судалгаа хэрэгтэй.    
-Сэдвээ нөгөө "толгой" руу шилжүүлье. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү. Эхэлсэн бол ямар шатанд үргэлжилж байгаа вэ?
-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны наймдугаар сараас сэргээд явж байна. Ирэх тавдугаар сарын дундаас ажил улам эрчимжинэ. Юу гэхээр, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлж авч байгаа мөнгийг Оюутолгой төсөлд хэрэглэх боломж бүрдэнэ гэсэн үг.  Дэлхий дээр явагдаж байгаа уул уурхайн хамгийн том бүтээн байгуулалт шүү дээ. Тэр утгаараа маш нарийн графиктай ажиллаж байна. Хийх ажлаа ингэж нарийн төлөвлөж явахгүй бол зардлын  хэтрэлт гарах эрсдэл үргэлж байдаг. Зардлын хэтрэлтийг гаргахгүйн тулд бэлтгэл ажлаа сайн хангаж байгаа. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр дэлхий дээр хамгийн бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг зэс, алтны уурхай болох ёстой. Энэ бол бидний гол зорилгуудын нэг. 

-Олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагатай гэрээ, хэлэлцээ хийсэн. Тэдний зүгээс тодорхой шалгуур тавьж байгаа байх?

-Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан. Одоо тухайн мөнгийг авч хэрэглэхийн тулд банкууд тодорхой шалгуурууд тавьж байгаа. 1300 гаруй шалгуурыг хангасан тохиолдолд санхүүжилт олгож эхэлдэг. Энэ бол төслийн санхүүжилтын зарчим шүү дээ. Тиймээс Оюутолгой тус шалгууруудыг биелүүлэх л ёстой. Эхнээс нь хангаад явж байгаа. 

-Зээлийн санхүүжилт хэзээнээс хийгдэж эхлэх вэ?

-Зээлийн санхүүжилтийг тавдугаар сараас авч хэрэглэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахад нийт ямар хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил зургаан жилийн хугацаанд үргэлжилнэ гэсэн төлөвтэй байгаа. Жил тутамд нэг тэрбум ам.доллар зарцуулах графиктай байна. Нийт зургаан тэрбум  орчим ам.долларын төсөвтэй гэж ойлгож болно. Тэгэхээр зургаан тэрбум ам.долларын тодорхой хэсгийг нь ингэж банкнаас зээлж бүтээн байгуулалтыг явуулах юм. Олон хүн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хэзээ эхлэх юм гэж асууж байна. Бүх зүйл нарийн стандартын дагуу явж байгаа. Аюулгүй байдал, нарийн технологи, мэргэжлийн хүн гээд олон зүйл нийлж байж энэ төслийг босгоно. Нэг өдрийн дотор бий болгочихдог зүйл биш шүү дээ. Гол нь санхүүжилт тасрахгүй байх нь хамгийн чухал зүйл. Тэгэхээр бид банкнаас зээл аваад, бусад бүх мөнгөн урсгалыг тооцож үзэж байгаад санхүүжилтийг таслахгүй байхад анхаарах ёстой.     

-Санхүүжилт тасрах эрсдэл байгаа юу?

-Хэрвээ ийм том хэмжээний төсөл хэрэгжих явцдаа санхүүжилтээс болоод зогсох юм бол компанийн хувьд маш эрсдэлтэй зүйл болдог. Тиймээс бид тэр эрсдэлийг бүрэн хааж үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болно. 

-Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахад аливаа улсын улс төрийн тогтворгүй байдал их нөлөө үзүүлдэг ш дээ?

-2010 онтой харьцуулахад хөрөнгө оруулалтын орчин муудсан нь үнэн. Ингэж муудах шалтгааны ихэнх  хувь нь бидэнтэй холбоотой. Тэр алдаагаа засаад явж байгаа. Хөрөнгө оруулагч нар хийж байгаа ажил, болж байгаа бодит зүйлд л итгэдэг. Тэрнээс амлалтанд итгэдэггүй юм. Оюутолгой төслийн хувьд бид бүх тооцоо, судалгаагаа хийгээд, ямар ч улс төрийн шинжтэй зүйл байхгүй цэвэр бизнес гэдгээр явсан учраас банкууд зээл өгч байна. Энэ бол бидэнд итгэж байгаа итгэлийн нэг том хэмжүүр. 

-Эсрэгээрээ зах зээл хүнд хэвээрээ байгаа...

-Тэр үнэн. Бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд байгаагүйгээрээ уналаа. Гэхдээ зах зээл сэргэхийг хүлээнэ гэдэг хэцүү зүйл. Ялангуяа бизнесийн үйл ажиллагаагаа зах зээл сэргэнэ гэсэн үндсэн дээр хийх юм бол их алддаг юм байна. "Рио Тинто" зэрэг томоохон уул уурхайн компаниудыг харахад зах зээл хүндэрнэ гэдгийг 4-5 жилийн өмнө мэдэрч, зардлаа асар их багасгасан байдаг. Үүний үр дүнд зах зээлийн хүнд байдлыг давж чаддаг юм байна. Стратеги нь зах зээл сэргэнэ гэдэгт итгэж үйл ажиллагаагаа явуулахгүйгээр өөрт байгаа хамгийн бага зардлаар ажлаа хийдэг. Энэ бол бидний сурч, хэрэгжүүлэх ёстой арга барил юм. Маргааш үнэ өснө гэдэг байдлаар хандах юм бол бидний өрсөлдөх чадвар сул байна. Харин хамгийн оновчтой технологи, менежментийг ашиглан санхүүгийн өртөг, зардлыг бууруулаад явах юм бол зах зээл дэх өрсөлдөх чадвараа хадгалах, нэмэгдүүлэх боломжтой. 

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж эхэллээ. Монголын эдийн засаг сэргэнэ гэж байна. Тэгвэл яг хэзээнээс эдийн засагт үр өгөөж нь мэдрэгдэж эхлэх бол?

-2009, 2010 онтой харьцуулахад одоо Монгол Улсын эдийн засаг гурав дахин томорсон. Таван жилийн өмнө 100 сая ам.долларын гүйлгээ хийхэд манай эдийн засагт шууд мэдрэгддэг байсан. 100 шинэ ажлын байр бий болгоход мөн л мэдрэгддэг байлаа. Одоо харин эдийн засаг тэлсэн учраас 100 сая доллар орж ирэхэд төдийлөн нөлөө  ажиглагддаггүй болсон байна.

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр араасаа маш олон хөрөнгө оруулагчдыг татсан өмнөх жишээг давтах боломжтой. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт зах зээл муу байгаа үед хийгдэж байгаа. Энэ нь цаанаа маш том эрсдэлийг хүлээж байгаа юм. Гэхдээ цаг алдахгүй гэсэн стратегитай. Нэгэнт гүний уурхайд Оюутолгойн баялгийн 80 хувь байгаа учраас цаг алдахгүй орох ёстой.

Ингээд жил болгон хөрөнгө оруулалтын ажил явагдаад байх нь эдийн засагт тодорхой хэмжээний мөнгөн урсгалыг байнга авчирна. Макро талаасаа эерэгээр нөлөөлөх нь зайлшгүй. Оюутолгой бол нэг л компани. Компанийн зорилго бол бага зардал гаргаж, их ашиг олох.

Ашигтай ажиллах механизмыг бүрдүүлээд хувьцаа эзэмшигч бид өөрсдөө хариуцлагатай байх юм бол энэ компани он удаан жил эдийн засагт үр өгөөжөө өгсөөр л байх болно. Үйл ажиллагаа нь эхлээд гуравхан жил болж байгаа гэхэд Монголын хамгийн том татвар төлөгч болчихсон байна. Сүүлийн таван жилд 1.5 тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлсэн. 

-Гүний уурхайд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Гүний уурхайд одоогийн байдлаар 400 орчим хүн ажиллаж байна. Нийтдээ Оюутолгойд 6500 орчим монгол хүн ажиллаж байгаа. Энэ тоог улам нэмнэ. Нийт ажилчдын 97 хувь нь монгол хүн. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгаа 100 төгрөг болгоны 80-ыг нь Монголд үлдээнэ гэсэн төлөвлөгөө гаргаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын компаниуд чадавхитай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж чадаж л байвал Оюутолгойн бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой. 

-Далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ гэсэн мэдээлэл гарсан даруйд дотоодын компаниудад болон иргэдийн дунд орлоготой, ажилтай болох нь гэсэн хүлээлт бий болсон. Оюутолгой хэзээнээс ажилчдаа авч эхлэх вэ?

-Тавдугаар сарын дундаас гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжихээр ойролцоогоор зургаан сарын хугацаанд 1000 гаруй ажлын байр бий болно гэсэн тооцоо байгаа. Нийт зургаан жилийн хугацаанд 3000 шинэ ажлын байр нэмэгдэнэ. 3000 ажлын байрны хувьд дараагийн 24 сарын хугацаанд бүрэн бий болох байх. Энэ бол зөвхөн Оюутолгой дээрх ажлын байр. Ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниуд ороод ирэхээр ажлын байр улам нэмэгдэнэ. Өмнө нь Оюутолгойн бүтээн байгуулалт ид явагдаж байсан он жилүүдэд Монголд нийт 40 мянган ажлын байр бий болж байсан гэсэн тоо баримт байдаг. 

-Дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ тийм ч таатай биш байна. Цаашид эдгээр бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага байна уу?

-Зэс, алтны эрэлт ямар байх вэ гэсэн асуудлаар мэргэжлийн шинжээчид янз бүрийн дүгнэлт гаргаж байгаа. Тэр болгоныг харж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт, Азийн эдийн засаг, Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт гээд олон зүйл үүнд хамаатай. Гол харилцагч болох Хятад улсын эдийн засаг тогтвортой 6-7 хувиар нэлээд хэдэн жил өсөх хандлагатай байна.

12 триллион доллар гэдэг бол маш том эдийн засаг шүү дээ. Энэ эдийн засаг жилд 6-7 хувиар өснө гэдэг нь том зүйл. Хятадын эдийн засгийн энэ өсөлт манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлнө гэж найдаж байгаа. Шинжээчдийн дүгнэлтийг авч үзвэл үнэ ойрын хэдэн жил үнэ, ханш сайжрахаар байна. Гэхдээ бид өөрсдийн хийж чадах зүйл буюу зардал талаа барьж ажиллах хэрэгтэй. 

Эх сурвалж: Ардын эрх сонин 

Сэтгүүлч Г.Балжинням


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Жилд 1 тэрбум $ зарцуулчихаад 1 жилд ямар ашиг егех юм бэ?
    2016 оны 05 сарын 14
Сонин хачин