УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй дуншиж, дуншиж, нэг цаг 30 минутын дараа эхэллээ. Энэ хуралдаанаар өмнө өдөр “Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэх асуудлаар завсарлага авсан. Өнөөдөр үүнийг хэлэлцэж магадгүй гэж байсан ч мөн л хэлэлцсэнгүй. З.Баянсэлэнгэ тав хоногийн завсарлага хүссэн ч сонгуулийн хугацаа дөхөж байгаа тул асуудлыг яаравчлуулахыг мөн зөвлөж байссан юм. Харин өнөөдөр мөн л завсарлагаас үүдэн бага зэргийн маргаан дэгдэв. Ингээд УИХ-ын дарга З.Баянсэлэнгэд асуудлыг маргааш хэлэлцэх боломж олгохыг зөвлөснөөр дараагийн асуудалдаа орлоо.
Чуулганы хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хэдийгээр гишүүд нэг нэгээр сугарч гарсаар байсан ч УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж, 19.30 цагийн орчимд өндөрлүүллээ. Ийн сул шахамд “хэдүүлхнээ” хэлэлцүүлгийг хийж, 100 гаруй саналын томьёоллоос 80-ыг нь “машиндаж” санал хураалгав. Ингээд эцсийн эцэст чуулганы танхимд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ нар тунаж үлдэн чуулганы хуралдаанаа өндөрлүүллээ.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна