Энэ долоо хоногт үймээн шуугиан багагүй байсан ч гэлээ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад тайван байлаа.
Харин жагсаал цуглааны хувьд /2016-04-27/ Хотын захирагчийг хууль бус үйлдэл хийдэг хэмээн шүүмжлэн хууль зөрчсөнийх нь төлөө түүнд торгуулийн “УЛААН КАРТ” өгөх цуглаан болсон юм.
Тодруулбал: Хотын захирагчийг "УЛААН КАРТ"-аар торгох цуглаан боллоо.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд "ДАРАНГУЙЛСАН МАСКТАЙ АРДЧИЛАЛ" цуглаан "ХОТОО ЧОНУУДААС ХАМГААЛЬЯ" гэсэн лоозон барьсан байв.
Цуглаан зохион байгуулагчид Нийслэлийн иргэдээс Засаг дарга Э.Бат-Үүл хууль хэрэгжүүлэхгүй байх тул дахин шаардлагын хариуг нэхэж “УЛААН КАРТ”-аар ТОРГОХ арга хэмжээ зохион байгуулж буй аж.
Ингээд дээрх цуглааны талаар цуглааны зохион байгуулагч Б.Цэрэнгээс тодруулав.
Тэрээр “Бидний өгсөн гол шаардлага бол “Хуулиа мөрдөөч ээ” л гэсэн байгаа. Энэ шаардлагыг жил гаруйн өмнөөс өгч эхэлсэн ч өнөөдрийг хүртэл бид хариултаа авч чадаагүй байна. Дээрх хууль нь Нийслэлийн Засаг дарга хоёр, дүүргийн нэг орлогчтой байхаар хуулийн зохицуулалт 2015 оны нэгдүгээр сард гарсан. Харин энэ зохицуулалтыг Нийслэл дүүргийн засаг дарга нар биелүүлэхгүй 460 орчим хоног хэрэгжүүлээгүй танхайрч байна.
Тэгэхээр үүнийг биелүүлнэ үү хэмээсэн боловч өнөөдрийг хүртэл бидний шаардлагын хариуг өгөхгүй байна. Энэ нь биднийг үл тоож буй хэрэг буюу Нийслэлийн иргэдийг “МАНУУХАЙ” мэт үзэж байна гэж дүгнээд “МАНУУХАЙ” хийж цуглаан зохион байгуулж байна. Үүнээс гадна бид хуулиа биелүүлдэггүй албан тушаалтнуудыг “УЛААН КАРТ”-аар торгох арга хэмжээг эхлүүлж байгаа юм.
Энэ нь ямар учиртай вэ гэхээр, хөлбөмбөгийн талбайд тамирчин тоглолтын дүрмээ зөрчвөл улаан картаар торгуулж шууд талбайгаас хөөгдөж гардаг. Тэгэхээр үүнтэй адил хууль зөрчсөн албан тушаалтанд “УЛААН КАРТ” өгч Хангарьд ордоноос хөөх ёстой. Энэ мэтчилэн хууль зөрчсөн албан тушаалтныг буулгах хэрэгтэй бөгөөд энэ жишгийг Э.Бат-Үүл даргаас эхлэе гэж бодоод Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөлд “УЛААН КАРТ”-ыг гардуулах гэж байна” гэв.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна