Том толгойт хүнийг зарна, том хөлт хүнд зарагдана гэж. Сонгуулийн хуулийн эргэлтийн циклтэй зэрэгцэн жижиг намууд АН дээр шавав. Том нам шавар шалбаагтай зууралдахгүй гэж байсан ч хачиг шиг наалдсан хэдэн жижиг намыг гөвөөд хаячихаж зүрхлэхгүй л болов уу. Хэдийгээр хань бараа болох найдвар бага ч тэдний өнгөрсөн хугацаанд бүтээсэн дүр төрх, имиж нь АН-д ашигтай учраас.
Дотоод зөрчилдөөн нь хурцдаж, эв зүйгээ олохоо больсны дээр АН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжилт хангалтгүй тул “Монгол хүн 2020” хөтөлбөрийнх нь автор гэгдэх Ж.Батболд намаасаа татгалзаад буй. Түүний хэлснээр АН байгаль орчинд ээлтэй бус халтай байдлаар ажилласан.
Товчхондоо, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх нь битгий хэл эсрэг үйл ажиллагаа явуулсныг тэрбээр онцлон тэмдэглэсэн. Хамгийн ойрын жишээ нь, цөмийн хаягдал. Энэ тухай тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хог хаягдал булшлахыг хатуу хориглоно” гэсэн заалт Сонгуулийн ерөнхий хороонд АН-ын өгсөн мөрийн хөтөлбөрт байгаа. Ингээд нам олуулаа яллаа. Засаг байгуулагдаад хориглох эрх зүйн актаа гаргах юм болов уу гэсэн, байдаггүй. Гэтэл сая 2016 оны гуравдугаар сарын 29-нд манай намын нөхдүүд хориглох битгий хэл эсрэг юм бариад орж ирдэг байгаа. Цөмийн ашигласан түлшний конвенцид нэгдэнэ гээд. Тэр нь Монгол Улсад байхгүй зүйл. Энэ үед л би тэсэрсэн. Яаж ч бодоод эвлэрч чадахгүй байсан” хэмээсэн. Ард түмэн ямар дүн тавихыг эрх баригч намын зарим гишүүн мэдэж байгаа тул урьдчилан зайгаа бариад эхэлсэн нь энэ гэхэд ч хилсдэхгүй биз. Ямартай ч “Монгол хүн -2020” хөтөлбөрийн байгаль орчны чиглэлийн ажлууд огтхон ч хийгдээгүйг боловсруулсан хүн нь хэлсэн нь энэ. Тэр ч бүү хэл, мөрийн хөтөлбөрт анхнаас нь зарим нэг заалтыг хассан тухай ч тэрбээр хэлж байсан юм.
АН-ын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь ч “Монгол хүн 2020”. 2020 он хүртэл урт хугацааны мөрийн хөтөлбөр боловсруулснаа хэлсэн нь заль байсан байж ч мэдэх талтайг зарим хүн хэлдэг. Зүй нь мөрийн хөтөлбөр нь хэрэгжээгүй гэж хэлэхийн оронд үргэлжлүүлнэ гэвэл чихэнд наалдацтай буух нигууртай. Үнэндээ ч 16 жилийн дараа эрх барьсан АН-ынхны мөрийн хөтөлбөр хангалтгүйг АН-ын дарга З.Энхболд ч хүлээн зөвшөөрөх маягтай байна билээ. Тэрбээр “2020 гэдэг хөтөлбөрийг 100 хувь биелүүлэх боломж байхгүй. Учир нь, энэ найман жилийн хөтөлбөр байсан. Бид 2020 мөрийн хөтөлбөрийн биелэлтийнхээ хувийг гаргаж байгаа. Зарим зорилт 100 хувь биелсэн бол зарим нь 50, 60 хувьтай байна. Огт биелээгүй ч зорилт байна” гэнэ лээ.
Эрх баригчдын мөрийн хөтөлбөрт хэрэгжээгүй цөөнгүй заалт бий. Жишээ нь, уул уурхайн бус эдийн засгийн бусад салбар, жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих, хувийн даатгалын ба хөрөнгө оруулалтын сангууд, хувийн тэтгэврийн сангийн болон зээлийн батлан даалтын тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр орчин үеийн санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнт орчныг бий болгоход чиглүүлэх тухай. Санхүүгийн секторт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дорвитой шинэтгэл хийгээгүй. Банкны систем нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзэлсэн хэвээр байна. Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг багцалж, хөрөнгийн зах зээл дээр борлуулах нэрийн дор төвбанк өөрийн гаргасан зээлийг дахин худалдан авсаныг, мөн Хөгжлийн банкны эх үүсвэрүүдийг арилжааны банкинд байршуулсныг, цаашлаад Худалдаа хөгжлийн банк гадаад зах зээл дээрээс бонд гаргасныг эс тооцвол санхүүгийн салбарт шинэчлэл хийгдээгүй. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар банкны систем дэх чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрсэн. Мөн банкны системийн алдагдал 960 гаруй тэрбум төгрөгт хүрсэн зэрэг нь санхүүгийн салбар хямрах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн эдийн засагчид тодотгодог. Энэхүү тулгараад буй хямрал нь даатгалын болон зээлийн батлан даалтын санг их хэмжээний алдагдалд оруулах эрсдэл өндөр бий болгосон тухай ч тэд халаглах нь бий. Өөрөөр хэлбэл, АН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжээгүй заалтуудын нэг нь энэ.
Мөн олон улсын нэр хүндтэй банк орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх мөрөөдөл нь бүтэлгүйтсэн. Засаглалын тогтворгүй байдал, төрийн бодлогын залгамж халаа алдагдсан, эрх баригчид ээлж дараалан гадаадын хөрөнгө оруулагчдыг буруутгасан мэдэгдэл хийсэн гэх мэт олон шалтгааны улмаас БНХАУ-ын төв банкнаас бусад банкнууд Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргаагүй юм. Мөрийн бус мөрөөдлийн хөтөлбөр болсон цөөнгүй жишээнүүдийн нэгээхэн хэсэг нь энэ.
Харин З.Энхболдын хэлсэн хагас хэрэгжилттэй хөтөлбөрийн тухайд онцолбол УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг 2012-2016 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Тогтоол хоёр хавсралттай. Тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан арга хэмжээнүүд нь дараах бүтэцтэй. Үүнд:
1. Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр,
2. Дэд бүтцийн чиглэлээр,
3. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр,
4. Ажлын байр нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих чиглэлээр,
5. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр,
6. Хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр,
7. Үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр,
8. Шилжилт хөдөлгөөнийг сааруулах чиглэлээр,
...тус бүрд нь авах арга хэмжээнүүдийг агуулсан. Энэхүү хөтөлбөрийн олон арга хэмжээнүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт давхардан тусгагдсан бөгөөд бүрэн хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй. Гэвч Хөгжлийн банкны санхүүжилт, бондын зарцуулалт, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарим арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор баталсан 2013-2014 онд эрчим хүчний салбарт хийх дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтын төслүүдийн хүрээнд:
- ДЦС-4-ТӨХК-ийн коллектороос БҮК2-ын салаа хүртэл ф1200 мм-ийн 2.5 км шугамын барилга угсралтын ажил
-Шинэ Яармаг хорооллын цахилгааны 110/35/10 кВ-ын дэд станцын зураг төсөл, барилга угсралтын ажил
- Зуух №9-ийг сэргээн засварлах /ДЦС-3/ барилга угсралтын ажил
- Дулааны ф400 мм-ийн 617 метр, ф200/300 мм шугамыг 400 мм болгох, нийт 9392м шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил
-110/35/10 кВ-йн 2x40 МВА 14-хороолол дэд станцын зураг төсөл, барилга угсралтын ажлыг хийжээ.
Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт царигийн асуудлаар өөрчлөлт оруулснаас өөр дорвитой ажил хийсэнгүй, шинээр төмөр зам барьж ашиглалтанд оруулаагүй. Хөдөө, аж ахуйн биржийн тухай хуулийн хүрээнд биржийг байгуулсан боловч бараг худалдаа хийгээгүй. Өдгөө эрх баригчид тус биржийг хувьчлах талаар ярьж буй. Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж эрх баригчид хэлдэг. Хонин жилийн хаврын зуд, халуун зуны түймэр ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гол нь энэ бүхний үр дүнд өрийн тоолуур өдөр шөнөгүй ажиллаж, хурдаа нэмсэн. Гадныхан Монголыг эгцэлж битгий хэл хялайж ч харахаа больсон. Аюулгүй орчинд амьдрах эрхээ хүртэл АН-ынхны буянаар алдах шахсан нь саяхан. “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн үр шимээр ажилгүйчүүд нэмэгдсэн. Төрийн албан хаагчдыг хомроголон халахад, хямралын уршгаар үйлдвэрүүд хаалгаа барихад лааз өшиглөгчдийн тоо нэмэгдсэн нь хөтөлбөрийн хэрэгжилтийн үзүүлэлт хэр түвшинд хангагдсаныг илтгэсэн биз. Дараагийн дөрвөн жилийн хугацаанд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэвэл ай даа, амь амиа бодоорой л болох вий.
Л.Дорж
ИЗНН-ын хүсэл энэ байж...
Сонгуулийн өмнөх гараагаар МАН, МУНН, БНН, МСДН, ЭЧХН, МоАХН, МАХН, МКН-ууд дангаараа, харин АН, ИЗНН, МҮАН, Эх орон, ХҮН-ууд, НН, ТТЭНН-ууд нэгдэж оролцох зураглал гарч. Товчхондоо, есөн нам нэг эвсэл сонгуульд оролцох прогноз гарсан гэх. Улс төрийн хэллэгээр эдгээр нам хамтын ажиллагааны гэрээн дээрээ л сайн ажиллах үлдэх шиг боллоо. Нэг талаас АН жижиг намуудтай нэгдсэн нь саналаа төвлөрүүлэх гэсэн башир арга ч байж мэднэ. Ямартай ч урьдчилсан таамгаар АН хэт олонхиор сонгуульд хүч үзэх нь. Харин халуун хөнжилд нь шургалсан жижиг намууд АН-аас “эх орны хишиг” хүртэх нь дамжиггүй. Ямартай ч жижиг намуудад амьд үлдэх ганц боломж нь АН байсан бололтой. Наашаа гэсэн нам руу “эвсэх бичиг” бариад гүйдэг муу зуршилтай улс төрийн намууд дэндүү олон болж.
Тэдний нэг нь ИЗНН гэх үү дээ. Улс төрийн гал тогоонд чамгүй олон жил чанагдсан атлаа тогтвор суурьшил, үйл хэрэг, үзэл бодол нь бүдэг эл намын хувь заяа бүрхэг байсан. Яг л бороотой тэнгэрийн үүл шиг. Салхи хаашаа үүл тийшээ нүүх аятай. Гэтэл ИЗНН-д хуримтлагдсан үүл Ардчилсан намын салхинд туугдах мөч айсуй. Ийн ярих нь учиртай. Тус нам 2016 оны сонгуульд Ардчилсан намтай нэгдэж оролцохоор сэтгэл шулуудаж гэнэ. Ахиад жаахан сийрүүлбэл, Ардчилсан намынхантай цус сэлбэхээр болжээ.
ИЗНН-ын хувьд гурван даргатай. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг. Гэвч тэдний үйл хэрэг, үзэл бодол нэг гэх атлаа үнэн хэрэгтээ гурван тийшээ харж суугаад намаа удирддаг гэх шүүмжлэлд байнга өртөх нь бий. Энэ удаад ч ийм авир нь давтагдсан. Тус намын дарга Ц.Ганхуяг л гэхэд “АН-тай нэгдэх асуудал цаг хугацааны хувьд ч, манай гишүүдийн итгэл үнэмшлийн талаасаа боломжгүй гэдэг нь тодорхой болсон. ИЗНН нь дарга удирдлагын үзэмжээр үйл ажиллагаагаа явуулдаггүй нам гэдгийг энэ үйл явц харуулсан байх. Бид намын гишүүд дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд үндсэндээ хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн дийлэнх нь нэгдэх асуудлыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн” хэмээн ярьсан нь хуучраагүй байхад АН-тай нэгдэж сонгуульд оролцох нь гарцаагүй үнэн болж хувирав. Өнөөх лам олдохгүй бол буцахдаа залъя гэгчээр.
Яг үнэндээ тус намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нарын нууцхан хүсэл АН. Тэдний нууцхан хүсэл ийн биелэв бололтой. Эцсийн бүлэгт ИЗНН-ын сонголт АН, АН-ын буулт ИЗНН болж таарав. Энэ бүхнээс үзэхэд ИЗНН-ынхан дотроо хуваагдчихаж. Айлаар бол өрхийн гишүүд өөр өөр үзэл бодолтой бол амьдрал нь урагшлахгүйтэй адил улс төрийн нам дотор үзэл бодлын зөрчилдөөн байж боломгүй. Гэвч ИЗНН-ынхан энэ үйлдлээрээ дотоод зөрчлөө ил цагаан кадрлууллаа. Нууц биш нууц нь энэ.
Энэ удаагийн сонгуульд ИЗНН ч гэлтгүй АН-д найр тавьж, хайр зарласан дараагийн нам бол ХҮН. Эл намыг хэн дуртай нь “удирддаг”. Өөрөөр хэлбэл, тогтсон даргагүй. “Чи намын дарга, би намын дарга” гэж хэрэлдэх үзэгдэл энэ намд улиг болсон асуудал. Өдгөө ч намын даргаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бодит үнэн. ХҮН дангаараа сонгуульд оролцохоо мөн л мэдэгдэж байсан. Яг л АН, ИЗНН-ынхантай адил. МАН, МАХН-тай нэгдэх асуудал нь бүтэлгүйтгэхээр АН-тай нэгдэж аврал эрж буй нь энэ. Гэсэн хэдий ч тус намын дарга С.Боргил “Манай намын хурлын шийдвэрээр сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргасан” хэмээж байсан ч өнгөрсөн долоо хоногийн байдлаар Ардчилсан намтай сонгуульд нэгдэж буйгаа албан ёсоор илэрхийлэв.
Нэг ёсондоо АН толгойгүй намтай эвсэж сонгуульд орох нь тодорхой боллоо. Тэрчлэн МҮАН-ын эвсэл бас л сонин. Сонин гэхээс илүү МҮАН-д илүү ашигтай ч байж мэдэх юм. Тус намын дарга М.Энхсайхан АН-ын гишүүнчлэлээ сэргээхгүй хэмээж байсан ч АН-тайгаа нэгдчихлээ. Цагтаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг ашиглаад хаяж байсан түүнд АН-ыг ашиглаад хаяхгүй гэх баталгаа байхгүй.
Тэгэхээр улс төрийн зурлагад Ардчилсан намын ирээдүй таагүй харагдаж. Бидний хэлж заншсанаар мэнгэ нь голлож. Засал ном хийлгэхээс гадна заавал ч үгүй жижиг намуудтай нэгд тэгвэл 2016 оны сонгуульд ялалт байгуулдаггүй юмаа гэхэд ядаж хэдэн суудал чирнэ гэж буусан бололтой юм. Иймээс л дангаараа сонгуульд оролцох боломжгүй болж. Жижиг намуудтай эвсэж сонгуульд оролцох болсноо ийн зарлан тунхаглав. Жижиг намууд ч гэсэн “амьд үлдэх” баталгаагүй гэдгээ ухаармагц том намаас тусламж хүсч. Ай хөөрхий том намын жижиг шийдвэр, жижиг намуудын том хүсэл, ээ гэж.
Б.Чанцал
Сэтгэгдэл байхгүй байна