Өнөөдөр шинэ долоо хоногийн эхний өдөр. Үйл явдал ихтэй өдрүүд ар араасаа үргэжлэх болсон нь сонгуультай холбоотой юу гэлтэй. Өмнөх долоо хоногуудад мөн л сонгуултьтай холбоотой үйл явдлууд их байсан.
Харин энэ долоо хоног жагсаал цуглаанаар эхэлж байгаа буюу сүүлийн нэг жилд 10 мянга орчим иргэн ажилгүй болж, нийгмийн даатгалаас ажилгүйчүүдийн тэтгэмж авдаг 7000 иргэн 14 мянга болж, хоёр дахин нэмэгджээ.
Иргэд ажилласан хэрнээ ядуураад буй нь төр, засаг иргэнээ гэсэн тогтвортой бодлого баримтлахгүй байгаагийн илрэл гэж Монголын үйлдвэрчний эвлэл үзэж өнөөдөр /2016.05.02/ “Эвлэлдэн нэгдэх-хөдөлмөрлөх эрхээ эдлэе” уриатай жагсаалыг Чингисийн талбайд зохион байгууллаа.
МҮЭ дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Ам.долларын ханш 1680 төгрөг байхад цалин нэм гэсэн шаардлагыг Засгийн газарт үйлдвэрчний эвлэлүүд тавьж байжээ. Гэтэл одоо ам.долларын ханш 2030 төгрөгт хүрсэн. Ийм үед ч иргэдийн цалинг нэмэх асуудлыг шийдэхгүй, хойшлуулсаар буй нь иргэдийн нуруунд хүнд ачаа болон хувирсан.
Бидний шаардаж буй асуудлын хамгийн гол нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ААН, байгууллагуудаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийг яаралтай нөхөн төлө, мөн ажилчдын дутуу олгогдсон цалин хөлсийг нөхөн олгох явцыг хурдасгахыг шийдвэр гаргагчдад сануулсан юм” гэв.
Мөн тэрээр намын суганд хавчуулагдаж гарч ирсэн залуучууд улс төрөөр тоглож, тендер мөнгө идэж байна. Хүмүүсийн эрхийг бүдүүлэгээр зөрчиж байна гэсэн юм.
Ийн жагсагчид шаардлагаа хүргүүлж чадлаа. Тэд шаардлагынхаа хариуг энэ сарын 15-нд авах бөгөөд шаардлагын хариу өгөөгүй тохиолдолд дахин жагсаал хийж ажил хаялт, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэв.
Сэтгэгдэл байхгүй байна