• Эхлэл
  • УИХ-ын гишүүн Л.Болд: Ийм асуудлаар улстөр хийдэггүй юм

УИХ-ын гишүүн Л.Болд: Ийм асуудлаар улстөр хийдэггүй юм

2016/05/04

-Танд өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр олны анхаарлыг ихээхэн татаж байгаа асуудал бол Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Та ч энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлээд амжсан байна лээ.

-Гадаад хэргийн сайд байсны хувьд, Засгийн газрын Монгол Улсын тусгаар тогтнолыг сахин хамгаалах үүрэгтэй гишүүн байсны хувьд ч энэ хуулийн төслийг ихэд хичээнгүй нягтлан уншсан л даа. Завгүй байсан ч, өөр элдэв шалтгаантай байсан ч байр сууриа заавал илэрхийлэх ёстой асуудал бол давхар иргэншлийн тухай сэдэв мөн. Тиймээс л товчхон илэрхийлсэн байр сууриа илүү тайлбарлая.

Аливаа улсын, тэр дотроо Монгол шиг улсын хамгийн том, амин асуудал бол тусгаар тогтнол юм. Тусгаар тогнолыг монголчууд бид иргэний харъяаллын ил тод, тов тодорхой хууль тогтоомж, давхар иргэншлийн хатуу, зарчимч бодлогоор давхар хамгаалах учиртай. Газар нутгаа эдийн засгийн тогтвортой хөгжил, олон улсын  нээлттэй, эрх тэгш харилцааны үзэл баримтлалаар хамгаалах концепцитай байдаг бол үндэстнээ давхар иргэншил, иргэний харъяаллын оновчтой, ил тод бодлогоор бүрэн бүтэн авч явж чадах юм. Нөгөө талаас, хэдийгээр хөгжсөн, том улс орнууд өөрийн улс оронд оруулсан хөрөнгийн хэм хэмжээгээр иргэншлийн асуудлыг эерэгээр шийдээд байдаг ч Монголын хувьд энэ асуудалд тун нухацтай хандах учиртай.  Тухайлбал, давхар иргэнших боломжоор дамжуулан манайхаас хөрөнгө мөнгө зувчуулах, угаах аюулд хөгжиж буй Монгол маань нэрвэгдэх төдийгүй гадаадаас хөрөнгө оруулсан нэрээр үл бүтэх асуудал дагуулсан хүндрэлүүдтэй тулгарах маш өндөр магадлалтай болох юм. Монгол шиг улсын тусгаар тогтнолыг ямар ч эд хөрөнгө, мөнгөөр хэмжих ёсгүй юм. Дэндүү эрсдэлтэй байр суурь л даа. Монгол Улс дан иргэншилтэй байж л иргэнээ авч үлдэж чадна. Хүн тухлаг орчин, тавтай нөхцөл рүү өөрийн эрхгүй тэмүүлдэг биологийн нэг төрөл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан таныг сонинд өгсөн ярилцлагадаа хатуу шүүмжилсэн байна лээ. Хуулийн үзэл санаа, агуулгыг мушгин гуйвуулсан овилгогүй улстөр хийлээ гэж. Та үнэхээр гадаадад гарсан олон зуун иргэдийнхээ асуудалд түүний хэлсэн шиг хандсан  гэж үү?

-Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн асуудлыг би хөндөөгүй. Монгол Улсын иргэн байснаа сольж өөр улсын иргэн болчихоод буцаж Монголынхоо иргэн болох хүсэлтээ илэрхийлэгчдийн тухай ч би яриагүй.

Нэгэнт өөр улсад амьдрахаар шийдвэр гаргасан, тэндэхийн харъяалалтай болсон хүмүүсийн тухай, өөр улсаас Монголд амьдарч давхар иргэнших хүсэлтээ  илэрхийлсэн гадаад иргэний тухай сэдэв бол халуун, маш эмзэг бөгөөд хэлэлцэх ёстой, шийдлээ хүлээж байгаа асуудал мөн. Бид нэг ижил асуудалд адилхан л санаа зовинож үзэл бодол, байр сууриа адилхан л илэрхийлж байна. Ийм асуудлаар улстөр хийдэггүй юм, хийж ч болохгүй. Монгол Улсын харъяат, иргэний харъяалал, хөх үнэмлэхийн асуудлыг нухацтай, жинхэнэ утгаар нь, хаалттайгаар УИХ-аар хэлэлцэх учиртай.

Өөрийн байр суурь, үзэл баримтлалыг илэрхийлэх эрх хэн хүнд бий. Ийм асуудлаас олох улстөрийн хожоо гэж байхгүй. Миний хувьд ардчилсан Ерөнхийлөгчийнхөө санаачилсан хуулийн төсөл дээр ажиллах, зөв шийдэл, оновчтой гаргалгаа хийхэд хүчин зүтгэхэд бэлэн байна даа. Энэ асуудлаар би үзэл бодлоо илэрхийлснээс хойш тал талаас маш их дайралт, дарамт ирж байгааг бас анзаарч байна.

-Та давхар иргэншлийг зөвшөөрдөггүй, гадаадад Монгол иргэд дүрвэж, цагаачилж байгаад таатай ханддаггүй хүн юм аа даа?

-Асуудлын гол нь гадаадад амьдрахаар шийдэж, иргэншлээ сольж байгаа хүмүүстээ биш шүү дээ. Иргэнд газар өмчлүүлж, газрын баялгаасаа хувь ногдуулж байгаа нь иргэдээ Монголдоо сайхан амьдрах, улс орноо хөгжүүлэх, тусгаар тогтнолоо хамгаалах үндсэн байр суурь, үзэл баримтлал юм. Ийм үед давхар иргэншил хэр оновчтой бол? Монголдоо амьдрахыг хүсч байгаа иргэдээ юуны өмнө хамгаалах, тэдний төлөө бүхнийг эхлээд хийх учиртай. Хүн хаана амьдрахаа чөлөөтэй сонгох эрхтэй ч Монгол Улсыг ирж буцдаг дамжин өнгөрүүлэх болгохыг би хэзээ ч зөвшөөрөхгүй, харь орны элдэв далд санаа, холын бодлын золиос болгохыг тэвчихгүй.

-Танд баярлалаа.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    эр хүн
    2016 оны 05 сарын 05
  • irgen
    Ene huuliig huleen zowshoorohgui.
    2016 оны 05 сарын 05
  • Зочин
    энэ хууль цагаа олоогүй хууль... монгол хүний эрхэнд халдсан цагаачдыг дуудсан хууль учраас иргэн би энэ гишүүний саналыг дэмжиж байна.
    энэ хуулийг ард түмнээсээ асуух ёстой хууль.......маш олон хүн гадаадад амьдарч байгаа...........их тунгааж байж гармаар байнаа, ЭЛБЭГДОРЖ ОО.............
    2016 оны 05 сарын 05
Сонин хачин