• Эхлэл
  • Улстөрийн өрнөл хийгээд үймээн

Улстөрийн өрнөл хийгээд үймээн

2016/05/04

Шуугиан ихтэй өдөр гэвэл өнөөдрийг хэлэх байх. Учир нь өнөөдөр намууд сонгуультай холбоотой асуудлуудаар ард түмний анхаарлыг татаад байна. Ингээд болсон үйл явдлыг тоймчлон хүргэе.

Сонгуулийн ерөнхий хороо хүсэлтээ ирүүлэхэд хамт илгээсэн холбогдох баримт бичгүүдийг нягталсны үндсэн дээр 11 нам, 3 эвслийг бүртгэхээр болсноо зарлаж, батламжийг нь гардууллаа.

Батламжийг Улсын дээд шүүхийн бүртгэлийн дагуу дараах нам, эвслүүдэд олгов.

  1. МАН

  2. АН

  3. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, МНН-ын Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл

  4. МУНН

  5. Хөгжлийн хөтөлбөр болон Монголын либерал намын “Хаан сонголт” эвсэл

  6. БНН

  7. Монголын социал-демократ нам

  8. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

  9. Иргэний хөдөлгөөний нам

  10. Ардчилсан хөдөлгөөний нам

  11. МАХН

  12. Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”

  13. Монголын консерватив нам

  14. Ард түмнээ хайрлая нам

Анх хүсэлтээ өгсөн намуудаас ХҮН болон ИЗНН-ыг бүртгээгүй. Тус намынхан СЕХ хороог шүүхэд өгөхөөр болжээ. ИЗНН-ын намын дарга Ц.Ганхуяг “Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдэж байна. Бидэнд алдаагаа засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” гэв.

Мөн тус намын гаргасан мэдэгдэлд, Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус, тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ны өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь СЕХ-ны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтлоо гэж ИЗНН-аас мэдэгдэж байна” хэмээлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. Зурсан дарга нь Улсын Дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас бүртгэхээс татгалзсан" гэсэн юм.

Харин ХҮН намын гишүүд сонгуульд бие даан нэр дэвших болсоноо мэдэгдэв. Тус намын дарга С.Боргил "СЕХ-ноос манай намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн шийдвэрлэжээ. Эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор ХҮН намыг 2016 оны сонгуульд орохгүй, АН-ыг дэмжинэ гэх мэдэгдэл гаргасан нь биднийг оролцуулахгүй байх шалтаг боллоо. Улс төрийн нөхцөл байдал бидний эсрэг байгаа ч бид эхлүүлсэн ажлаа дуусгаж энэ улсын эрх тэгш ялгаваралгүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллах болно” гэв.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд ирүүлэх ёстой бичиг баримтаас дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс СЕХ-ны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж шийдсэн" хэмээсэн юм. 

Энэ мэтчилэн намуудын анхаарал ард түмний анхаарлыг татах үйл явдал ар араасаа үргэлжлэв. Иргэдийн гайхаж байгаа зүйлийн нэг бол ХҮН хэдэн даргатай юм бэ? гэх асуулт гарч ирэв. Тус нам нь хоёр даргатай болсон үе саяхан. Угтаа бол хоёр тамга, хоёр даргатай болоод байсан ХҮН-ын маргааныг Улсын Дээд шүүх шийдвэрлэхээр болоод байсан. Дээд шүүх хуралдаад маргалдагчдийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, маргалдагч хоёр талаас хоёр хүсэлт гаргаад байсан бөгөөд хоёуланг нь хүлээн авахаас татгалзсан юм.

Ямартай ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон ХҮН-ын дарга болох шахсан Б.Найдалаа нар тус намын дарга болохгүй гэдгээ ойлгосон.

Үүнээс гадна ИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д орохоо мэдэгдэв. Энэ тухайд гишүүн Ч.Улаан “Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тойргуудад ширүүн өрсөлдөөн болох нь. Намууд хүчээ нэгтгэх чиглэлд томоохон хөдөлгөөн өрнөж байна. Сонгуульд амжилт гаргахын төлөө бүхий л хүчээ дайчлах учиртай. Сүхбаатар аймгийн иргэд, МАН-ын гишүүд дэмжигчдээс надад маш их санал ирүүлсэн. Нэг зорилготой хүмүүс хамтарч тэмцэх ёстой” гэсэн бол Д.Тэрбишдагва сонгуулийн тогтолцоотой холбоотой Цэцийн дүгнэлтээр эвслийн бүлэг завсарлага авч, асуудлыг сунжруулсан болон МАН, МАХН эвсэх асуудлаар хоёр намын хамтарсан ажлын хэсэг маш сайн ажиллаж, МАХН-д олон талаар ашигтай нөхцөл байдал үүсэж байхад түүнийг ажил хэрэг болгож, эвсэж чадаагүйг онцолж цаашид МАН, МАХН-ыг нэг нам болгох чиглэлд ажиллахаа ч мэдэгдэв. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Харин дараагийн асуудал бол УИХ-ын гишүүн Г.Уянга ерөнхийлөгчийг огцруулах хүсэлт гаргасан явдал юм. Тодруулбал: УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр мэдээлэл хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Саус Гоби Сэндс" ХХК-ийн удирдаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарыг өршөөсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн уг үйлдлийг хууль зөрчсөн эсэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай хүсэлтийг УИХ-д өргөн барьсан нь олны анхаарлыг татав. 

Ч.Болор

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг чинь Х.Баттулга, Уянга нар Баянбилэг гэдэг залуугаас худалдаж авлаа гээд мөнгийг нь өгөөгүй луйвардсаны улмаас намыг анх байгуулсан Баянбилэг гэдэг залуу нь өр ширээ төлж чадалгүй шоронд сууж байгаа юм байна шүү . Өнөөдрийн залуу.ком сайт дээр тэр залуугийн захиа нийлэгдсэн байна лээ. Залуус минь улстөрийн карьер чинь урагш муутай л эхэлж байна даа.
    2016 оны 05 сарын 09
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 05 сарын 05