УИХ Үндсэн хуулийн цэцийн дөрөвдүгээр сарын 22-ны 05 дугаар дүгнэлтийг хүлээн авч өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар 2016 оны сонгуулийг дан мажоритари тогтолцоогоор явуулахаар болсон. Ингэснээр намын жагсаалтын гэх 28 мандатыг тойргуудад хуваарилах, мөн томсгосон 26 юм уу, жижигсгэсэн 76 тойргийн алинаар санал хураалт явуулах шийдлийг яаралтай гаргах шаардлагатай болсон билээ. УИХ пүрэв гаригт шөнө дөл буюу 20.30 минут хуралдаж, жижигсгэсэн 76 тойргоор сонгуулийг явуулахаар тогтсон. Цэцийн дүгнэлт гарахаас өмнө хуулинд нам, эвслүүд тавдугаар сарын 5-9-нд нэр дэвшигчээ тодруулах ёстой байсан бол тавдугаар сарын 23 болж хойшилж байгаа юм.
Дараагийн асуудал нь жагсаалтын 28 мандатыг хот, хөдөөд хэд, хэдээр нь хуваарилах тухай асуудал. Үндсэн хуулийн цэцийн асуудал дэгдэхээс өмнө АН, МАН тойргуудыг хуваарилах тал дээр эсрэг тэсрэг байр суурийг ил, далд илэрхийлж байсан. АН нийслэлд, МАН хөдөөд найдлага тавьдаг учраас АН 14-ыг хотод, 14-ыг хөдөөд, МАН 20-ыг хөдөөд найман мандатыг хотод хуваарилахыг чармайж байсан. Тэгвэл өнөөдөр АН, МАН-ын бүлгүүд тус, тус хуралдан шийдэлд хүрсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээллээ.
АН:28 тойргийг хот, хөдөөд тэгш хуваарилах нь зүйтэй
Үдээс өмнө хуралдсан бүлгийн хуралдааны шийдлийн талаар тус бүлшийн дарга Б.Гарамгайбатар, дэд дарга Ш.Түвдэндорж мэдээлэл хийлээ. Тус бүлэг 28 мандатын 14-ийг хотод, 14-ийг хөдөөд хуваарилах ёстой гэж үзжээ.
-Жагсаалтын 28 мандатыг нийслэл, орон нутагт хуваасан үндэслэлээ тайлбарлана уу?
Б.Гарамгайбаатар: Өмнө нь жагсаалтын 28 гишүүнийг сонгохдоо үндсэндээ Монгол Улсыг нэг тойрог гээд нийт ард иргэдээс санал авсан байсан гэж АН үзсэн. Тиймээс энэхүү хувилбарыг хадгалаад 14, 14 гэсэн тэнцвэртэй хувилбарыг сонголоо. Энэхүү нь хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй уялдсан хувилбар юм.
Ш.Түвдэндорж: Сонгогчдын тоог аваад үзэхээд энэ тоо их ойролцоо очиж байгаа. Нийслэлийн сонгогчдын гомдлыг ч мөн эцэслэх юм. Би ч мөн жагсаалтын 28-аас зургааг нь нийслэл рүү татах хуулийн төслийг санаачилж байсан.
-Аль аймгуудын мандат нэмэгдэх вэ?
Б.Гарамгайбаатар: Бидний тооцоолж байгаагаар 10-аад аймгийн мандат нэмэгдэх байх. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаад тогтоолоо албажуулаад оруулж ирсэн тохиолдолд намууд тухайн хувилбар дээр ажиллах байх.
Ш.Түвдэндорж: Ер нь бол 80-аас дээш мянган хүн амтай хөдөөгийн тойргууд 3, 60-аас мянган хүн амтай бол 2 мандаттай байхаар ярилцсан.
-“Шударга ёс” эвслийн хоёр гишүүн МАХН-д нэгдэж, хоёр гишүүн мөн өөр намд харьяалагдахаар болж байна. Энэ тохиолдолд эвсэж байгуулсан Засгийн газар чадамжгүй болно гэсэн яриа гараад байгаа. Засгийн газарт өөрчлөлт орох уу?
Б.Гарамгайбаатар: Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй. Учир нь, Засгийн газрыг АН бусад намуудтай зөвшилцөн гэрээ байгуулахдаа "Засгийн газрын 51 хувиас дээшийг АН бүрдүүлэх ёстой. Үлдсэн хувьд нь хамтарч байгаа бусад намууд орох боломжтой" гэсэн учраас хөдөлгөөн хийгдэхгүй. АН-ын бүлгийн гишүүдийн тоо ч нэмэгдэж байна.
Ш.Түвдэндорж: Эвсэл задрахаар Засгийн газар огцордог хууль хоёр жилийн өмнө өөрчлөгдсөн.
-Бас ИЗНН-ын хоёр гишүүн АН-д орж магадгүй гэсэн мэдээлэл байна?
-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
МАН:Бид буулт хийж болох юм
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдааны талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга С.Бямбацогт:
-Манай бүлэг жагсаалтын 28 мандатын 20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хуваарилах гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байна. Гэхдээ бид буулт хийж болох юм. Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна. Тэгэхээр 16-18 мандат хөдөөд 10-12 мандат хотод хуваарилах ёстой гэж ярьж болох юм гэлээ.
Мөн тэд МАН-ын бүлэг нийт 30 гишүүнтэй болсныг онцолсон байна. МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт харьяалагдаж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн тул өнөөдраас МАН-ын бүлэгт харьяалагдах болсон юм.
Ингэснээр нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх хугацаа тодорхой болсон ч тойргийн хуваарилалтад АН, МАН-ын бүлэг дахин зөвшилцөх шаардлагатай болж байна.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна