Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг нь АН-аас нэр дэвшиж улмаар ард түмнээс дэмжлэг авч төрийн сэнтийд хоёронтоо заларсан нэгэн.
Гэхдээ түүний бүрэн эрхийн хугацаа нэг жилийн дараа дуусгавар болно. Хуулиараа бол тэрбээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй.
Иймээс зарим эрхэмд тэр дундаа намынханд нь Ц.Элбэгдорж жилийн дараа хаана очих вэ гэдэг нь их сонин бас сонирхолтой байгаа бололтой. Юутай ч сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлыг харвал АН-ын дарга З.Энхболд тэдгээр сониуч эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтаж байна.
Мөн үүнийг батлах баримтыг холоос хайх шаардлагагүй бөгөөд үүнийг АН-ын даргаар ахлуулсан ардчилсан парламент анхан ардчилсан Ерөнхийлөгчийн оруулж ирсэн асуудалд хэрхэн яаж хандаж буйгаас нь хялбархан тайлж болно. Энэ тухай сийрүүлбэл эрхэм УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг УИХ дээр унагах, хэлэлцэхийг хойшлуулах гэхчлэн даргын эрх мэдлээ хангалттай олон удаа ашиглаж, бойкот хийж ирсэн.
Үүнд мэдээж сүүлийн хэдэн сарын хугацаанд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хамаатай. Мөн Улс төрийн намуудын тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ч бас хамаатай бөгөөд товчхондоо Ерөнхийлөгчийн санал санаачилгууд УИХ-ын даргын зуултанд орсон гэж болно.
Нөгөө талаар УИХ-ын даргын Ц.Элбэгдоржийг унагах гэсэн санаархал юунаас үүдэлтэй вэ гэдэг нь бас сонин. Яагаад гэвэл Ерөнхийлөгч найман жил суусан суудлаасаа буулаа гэхэд Н.Багабанди шиг наанаа нам гүмхэн амьдарч, титэм үг тэрлэсэн шиг хорвоогийн өдрүүдийг барахгүй. Хувь хүнийх нь натурт ч энэ нь зохихгүй. Мөн анхны Ерөнхийлөгч П.Очирбат шиг алт зэсний хэрэгт хутгалдаад, ашигтай гэсэн бүхэн рүү гар дүрээд явахгүй. Харин түүнийг тойрсон үнэн гэвэл улс төрөөс үүрд зайгаа барих бодол, хүсэл үгүй. Энэ ч утгаараа түүний очих дараагийн газар нь нам, тодруулбал, АН юм. Ц.Элбэгдоржийн тухайд улс төрөөс үүрд арчигдахгүйн тулд өөрийн байр сууриа бэхжүүлэхээр эргээд эрх мэдлийн сандал руу мацаж таарна.
Түүнийг дэмжигчид намд нь хангалттай бий учраас үүнд тэрбээр санаа зовохгүй. Нөгөө талаар түүний “Ерөнхийлөгчийн хүн” гэсэн тамга дараад их улс төр рүү илгээсэн “хүүхдүүд” нь одоо өсч өндийгөөд өөрийн гэсэн орон зайгаа эзэлчихсэн тул Ц.Элбэгдоржийн сонгуулийн дараах нүүдэл буюу намын дарга болох замыг нь засахаар хичээцгээх нь гарцаагүй. Тэдний энэ нүүдэл мэдээж одоо намын дарга нэр зүүж, тамгыг нь атгаж буй З.Энхболдод таалагдахгүй. Тиймээс улс төрийн хүрээнийнхэн сүүлийн үед З.Энхболд Ц.Элбэгдоржийг муухай харагдуулах гэсэндээ боломжтой гэсэн бүх аргаа хэрэглэхэд бэлэн байгаа гэцгээж буй бөгөөд энэ нь ч үнэн байх магадлалтай юм.
Энэ тухай хамгийн сүүлийн жишээ гэхэд АТГ-ын даргын томилгоо тойрсон асуудал. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргад хурандаа Х.Энхжаргалыг нэр дэвшүүлж саналаа тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд АТГ-ын даргыг томилох асуудлыг багтаагаагүй. Уг нь УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар АТГ-ын өмнөх даргыг албан тушаалаас чөлөөлөх үед гишүүд “Чөлөөлөх асуудлаа томилох хүнтэй нь хамт оруулж ирэхгүй яасан юм бэ. Энэ хариуцлагатай албыг удирдлагагүй орхиж болохгүй.
Завсар хооронд нь хууль зөрчсөн зүйл гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Яаралтай шинэ даргын нэрийг оруулж ир. Ч.Өнөрбаяр зөвлөхөө одоо шууд Ерөнхийлөгчид асуудлыг хэлээд цаг алдалгүй нэрийг нь оруулаад ир” хэмээн шавдуулж байсан юм. Гэтэл одоо нэрийг нь өргөн мэдүүлчихээд байхад УИХ энэ асуудлыг нь хойшлуулж, хугацааг нь сунгаж байгаа нь өнөөх л Ц.Элбэгдоржийг муухай харагдуулах ажиллагааны нэг хэсэг болж харагдаад байна.
Мөн сүүлийн үед болж буй үйл явдлаас харахад Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүнийг муулах, түүнтэй холбоотой муу мэдээлэл зохиож тараах замаар нийгэмд нэр хүндийг нь унагасныхаа дараа УИХ-д оруулж ирвэл олон нийт таашаахгүй тул томилохоос татгалзлаа гээд кноп дардаг тоглоомын улс төрийн тактик хүчээ авч байх шиг. Үүний нотолгоог АТГ-ын даргыг томилох тухай интернэтэд тавьсан мэдээнүүдийн доорх сэтгэгдлүүдээс харж болох юм. Нөгөө талаар эдгээрийг уншсан хэнд ч хотын даргын халаглаад байсан “6000 лалар” буюу хөлсний коммент бичигчдийн ажил гэдгийг төвөггүй ойлгогдож байгаа.
Гэхдээ энэ бол Ц.Элбэгдоржийг муухай харагдуулахын төлөө АН-ынхны бусадтай нийлэн хийж байгаа ажлын ердөө нэг хэсэг нь бөгөөд УИХ-ын даргын тухайд Ерөнхийлөгчийн өмнө хангалттай тээг болж, тэр хэрээр намаа муухай харагдуулж чадсан нь үнэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна