Газрын баялгаараа газар газрынхны анхаарлыг татаж байдаг Өмнөговь аймгийнхан сүүлийн жилүүдэд баяжсан нь ч бэрх, тэр хэрээрээ шуугиан дуулиан тарах нь ч их. Тавантолгойн нүүрсийг тааваараа зөөж байгаа Ажнай хэмээх Бат-Эрдэнэ гишүүн Өмнөговьдоо босоо гэгддэг. Бурхан болгоод тахьчихсан мэт энэ нөхөр УИХ-ын танхимд ч харагддаггүй, Өмнөговьдоо бараа сүүдрээ харуулдаггүй мөртлөө яагаад УИХ-д сонгогдоод байдгийг нутгийнхан нь ойлгодоггүй. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн болсон түүхэн хугацааныхаа туршид “бүхэл бүтэн” зургаан минут үг хэлснээрээ рекорд тогтоож их хурлын “хэлгүй Кориола”-гуудийг ялагдашгүй магнай болж байхав.
Түүний дараа мөн л Засаг дарга болохоор залагдчихсан мэт Б.Бадраа гэх нөхөр бас Өмнөговьдоо баян, тарганаараа манлай. Мөн л юу хийгээд байгаа нь мэдэгддэггүй машиных нь бараа л Засаг даргын Тамгын газрын гадаа харагдаж байдаг Бадраа-Засаг Өмнөговиор нүүдлийн шувуу шиг хаа нэг үдлээд буцдаг. Өөрөө болохоор нийслэлийн баячуудын хороолол болсон “Ривер гарден”-ын тансаг байрандаа сууж байдаг. Дор хаяж 750 сая төгрөгний үнэтэй “Ривер Гарден”-ы байранд Бадраа-Засаг ноёны хүүхдүүд нь ч тус тусдаа байртай гэнэ лээ. Өмнөговьд болохоор машин нь ажлынх нь гадаа байж байдаг гэнэ. Бадраа-Засаг ноёны талаар алтан бүс зүүж, алтан эмээл дөхөж, 9 саяын мөнгөн аяганд айраг, архи сөгнөж байдаг гэхчилэн домог мэт болсон яриаа зөндөө. Түүний эхнэртэйгээ Өмнөговь дахь зочид хүлээж авдаг гэрийнхээ гадаа авахуулсан энэ зураг сошиалд нэг хэсэг бөөн шуугиан дэгдээсэн.
Сонирхолтой нь энэ байранд мөн л Өмнөговьд нэр дэвших магадлалтай гэгдэж байгаа МАН-ын Энхболд хэмээх залуу “Засаг ноён”-той зэрэгцэн амьдардаг гэнэ. Нийслэлд Эрдэнэ засаг вангийн дүүрэг гэдэг шиг Өмнөговийг Бадраа Засаг ноёны хошуу болгоод Бадраа аймагтаа бол эр бар, өөр намын хүнийг ажилд авах нь бүү хэл, мэндлээд өнгөрсөн хүн ч “хэрэг”-т орох шахдаг гэсэн. Энхболд нь болохоор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-д нэр дэвшсэн ч эс дэвшсэн ч нутагтаа хийх ажлаа үргэлжүүлэх нь болно гэж бэлтгэлээ базааж яваа. Хэдэн жил Өмнөговьд бишгүй зүйл хийж байгаа түүнийг ирэхээр Бадраа нь айж сандраад сүйд болдог гэсэн.
Ийн аймагтаа хонь чонь мэт байдаг хоёр нэр дэвшигч хотын байрандаа хэр эвтэй найрамдалтай байдаг юм бол доо, хөөрхий.
Энхболдын хувьд хэзээнээс “Ажнай”-н эзэмшил болсон үхлийн тойрог болсон Өмнөговьд нэр дэвшинэ гэдэг ёстой л саваагүй нохой саранд хуцсан мэт. Нэг мандаттай, дээрээс нь мөнгөөр аархаж байдаг энэ нутагт хэний ч танил биш шавилхан залуу нэр дэвшиж магадгүй гэсэн сураг гарсанд зарим хүн битүүхэн шоолж, “их зантай бацаан бэ”, өрөвчхөн нэг нь цаг, мөнгөний гарз эртхэн “замаа бодоосой” гэлцэж байгаа гэнэ.
Эх сурвалж:Гранд сэтгүүл
Сэтгэгдэл байхгүй байна