• Эхлэл
  • АН санасандаа хүрч, тойргийг хүссэнээрээ хуваалаа

АН санасандаа хүрч, тойргийг хүссэнээрээ хуваалаа

2016/05/12

Тоглоом тоотой нь дээр гэдэг. Харамсалтай нь энэ хэлц үг, улс төрийн хүрээнийхэнд тийм ч хамааралтай бус. Тиймдээ ч эрх баригч нам өөрт ашигтай хувилбараар тоглоомын дүрмийг өөрчилдөг жишиг Монголд бий болсон.

Ардчиллынхан Сонгуулийн хуулийн дархлааг хүртэл оффшордчихсон. Үүнийхээ хүчинд тоглоомын дүрэмд хүссэнээрээ өөрчлөлт оруулах эрхзүйн орчинг бий болгосон нь энэ.

Цэцийн шийдвэрийг хүлээн авсантай холбоотой УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг Төр­ийн байгуулал­тын байн­гын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байв.

Гэвч Сонгуулийн ерөнхий хороо саналаа үдээс хойш буюу 15.00 цагт өргөн барьсан нь хуралдааныг хойшлуулах шалтгаан болсон.

Тэгвэл хоёр намын тохиролцоогоор эхний ээлжийн хар зураглалаар орон нутагт 13, нийслэлд 15 мандат хуваарилахаар зэхсэн байж. Б.Гарамгайбаатарын хэлж байснаар 28-ыг голоор нь буюу 50:50 хувьдах санаачилга гишүүдээс  гарч, нийтээр дэмжсэн тухай хэлж байсан. Харин МАН-ынхан тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзан тогтоох ёстой гэсэн хуулийн заалтын дагуу 20-ыг нь хөдөөд, наймыг нь нийслэлд хуваарилах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Гэвч АН-ын хатуу шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авсан бололтой.  Ингэснээр 320.852 хүн амтай Баянзүрх дүүрэг зургаан мандаттай болох гэнэ. Өмнө нь гурван мандаттай байсан эл тойргийг ийнхүү жижиглэж нэг намаас зургаан хүн нэр дэвшинэ. Сонгинохайрхан дүүрэг ч мөн ялгаагүй. 307.224 хүн амтай энэ тойрогт гурван мандат нэмж зургаа болгохоор Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж иржээ.

Харин Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, дүүргүүдэд тус бүр хоёр мандат нэмснээр дөрөв болж байгаа гэнэ. Багахангай, Багануур, Налайхыг нийлүүлж 68.363 хүн амд нэг мандат хуваарилахаар эхний байдлаар тохиролцжээ. Сүхбаатар дүүргийн хувьд хоёр мандаттай байсан бол нэг нэмэгдэж, гурав болж. Угаасаа  хар зураглалаар тус дүүрэгт дөрвийг хуваарилж байсан ч нэгийг нь сугалж орон нутагт шилжүүлэх тухай улс төрийн хүрээнийхэн дунд байсан. Энэ нь ёсжлон бүтсэн хэрэг. Учир нь Баянзүрх дүүрэгт 59.444 хүнд нэг мандат оногдож байхад Сүхбаатар дүүрэгт 34.408 хүнд нэг “сугалаа” хувааригдах нь ариун явдал уу хэмээн зарим нь ам асууж байсантай холбоотой.

Орон нутгийн тухайд Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Төв, Баянхонгор, Ховд аймгуудад тус бүр нэг мандат нэмэгдэж гурав, гурван горилогч зүглэнэ. Харин Увс, Дорнод, Завхан, Дундговь, Булган аймгуудад нэмэлт тийз олгохгүй. Өөрөөр хэлбэл, тэд урамшуулалд хамрагдахгүй. 

56 мянган хүн амтай Говь-Алтай нэг мандаттай байхад 46 мянган хүн амтай Өмнөговь, 58 мянган хүнтэй Сүхбаатар аймаг хоёр мандаттай байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэх шүүмжлэл цахим ертөнцөд өрнөж эхлэв. Үнэндээ Баянхонгор аймаг 83.6 мянган хүн амтай. Гурван мандаттай болсноор 28 мянган сонгогчид нэг гишүүн оногдоно. Гэтэл 59 мянган хүн амтай Булганчуудад ганц мандат хуваарилагдсан нь ёстой л ариун явдал уу гэхээр аж.

Тиймээс Шударга л байцгаая гэх уриалга ч цөөнгүй хүний амнаас урссан. Түүнчлэн  АН-ын өөрсдөө харьцангуй өндөр санал авдаг газрууддаа квот нэмэгдүүлсэн байна гэх хардлага ч цухалзаж эхэлсэн. Ингэж хардах болсон нь Дорнод, Увс, Завхан аймгийг хэлэлцээрээс “хассан”-тай холбоотой гэх. Дорнод гэхэд МАН талдаа. 2012 оны сонгуулиар Н.Номтойбаяр, бие даагч асан Х.Болорчулуун нар ялалт байгуулсан.

Мөн ИЗНН-ынхан саналын тоогоороо ялалт байгуулах хэмжээний бус ч сүүл мушгигчдыг тэргүүлдэг. Түүнчлэн энэ удаагийн сонгуулиар АН-тай гар барихаар зэхсэн ИЗНН-ынхан энэ тойргийг авахаар бэлтгэлээ базааж буй. Увс аймгийн тухайд час улаан тойрог. Улаан сарнайтай малгай өмссөн хэнийг ч шууд гар өргөөд явуулчихдаг. Завханы хувьд цоохор. Тэгээд ч 69 мянган хүн амтай тул квот нэмээд байх шаардлага үгүй байсан биз. Ямартай ч улс төрийн газрын зураг дээрх АН-ынхны ерөнхий зураглал Сонгуулийн ерөнхий хорооныхонтой яв цав таарлаа. Хоёр намын хувьд тохиролцоо бий тул дэмжигдээд явах нь гарцаагүй биз.

Жилээс жилд сонгогчдын ирц муудаж, 60 хувь хүрэхтэй үгүйтэй байдаг болсон. Энэ удаад ч ялгаагүй байх төлөвтэйг улс төрийн намуудын судалгаа харуулдаг. Энэ үүднээс авч үзвэл 5000-6000 хүний санал авахад л парламентын босго алхаж, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх эдлэх боломжтой болох нь.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна