• Эхлэл
  • Зарим хуулийн төслийг хэлэлцэн батлав

Зарим хуулийн төслийг хэлэлцэн батлав

2016/05/14

Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо

Мөн өдрийн хуралдаанаар “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа.

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай“ УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол тус тус батлагдсанаар Монгол Улс малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд төрөөс анх удаа урамшуулал олгох болсон нь улс орны эдийн засаг, малчдын амьжиргаанд эерэг олон нөлөөлөл авчирсан юм.

Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог төрийн дэмжлэг, бодлогоор шинэчлэн өөрчилснөөр хөдөө нутагт талаар нэг тарж үнэ цэнэгүй байсан хонины ноосыг төвлөрүүлэн бэлтгэж үйлдвэрт нийлүүлэх, арьс, ширийг үндэсний үйлдвэрт тушаах үйл ажиллагаа, сонирхол сэргэж зөв гольдролд шилжсэн. Үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолоос гарч үйл ажиллагаа нь хэвийн тасралтгүй явагдах, шинээр үйлдвэр, цех ашиглалтанд орж нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн.

Гэвч эдгээр тогтоолд заасан “хоршооны гишүүн байх” гэсэн томъёолол малчдын амьдралд цаг хугацааны хувьд хараахан тохиромжгүй байгаа нь амьдрал дээр нотлогдсоор байна. Хэдийгээр “хоршооны гишүүн” гэсэн томъёололын үйлчлэх хугацааг урамшуулал олгох явцад сунгаж байсан ч энэхүү томъёололоос үүдэн орон нутагт “эзэн төвтэй, хийсвэр” хоршоод олноор байгуулагдах, малчид төрийн урамшуулалд хамрагдахын тулд л хоршоонд төлбөр төлж элсэх асуудал ихэссэн. Энэ нь хоршооны ардчилсан зарчим, мөн чанарыг алдуулж, үр дагаварт нь малчид хохирох нөхцөл байдлыг үүсгэх болсон хэмээн сайд Р.Бурмаа хэллээ.

“Хоршооны гишүүн биш” гэсэн үндэслэлээр 2014 онд 18,1 мянган малчин өрх үйлдвэрт тушаасан 2,6 мянган тонн ноосондоо 2.8 тэрбум төгрөгийн, 7,2 мянган малчин, мал бүхий этгээд үйлдвэрт тушаасан 148,2 мянган арьс, ширний урамшуулал болох 617,5 сая төгрөгийн урамшууллыг авч чадаагүй бол 2015 онд 7481 малчин өрх үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүлсэн 1,1 мянган тонн ноосонд 1,1 тэрбум төгрөгний мөнгөн урамшууллыг авч чадахгүйд хүрээд байгаа аж. Үүнээс үүдэлтэйгээр малчдаас Үндсэн хуулиар олгогдсон “үл ялгаварлах” эрх ашиг зөрчигдөж байна гэсэн гомдол, маргааныг үүсгэх болжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны батлагдсан төсвийн багцад урамшуулалд олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн тул энэхүү тогтоол батлагдсанаар ноосны урамшуулалтай холбоотой төсөвт ямар нэгэн ачаалал үүсэхгүй гэлээ.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр асуулт асууж, А.Тлейхан, Н.Энхболд, Д.Ганбат, Н.Номтойбаяр, А.Бакей нар байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа

Дараа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэр томьёог жигдлэх болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Тухайлбал, хуулийн нэрийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэж өөрчилж, хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг шинээр томьёолж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрх зүйн үндсийг тодорхой болгон, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг хуульчилсан заалт шинээр тусгасан хэмээн Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нөхцөлийг нарийвчлан зааж, шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тухайн шүүхийн харьяалах аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэртээ заадаг байх, яллагдагчийн цагдан хоригдож байгаа газрыг өөрчлөн өөр газар шилжүүлэх тодорхой үндэслэл болон цагдан хорих байранд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлийг тодорхой зааж өгсөн байна.

Мөн нотлох баримттай холбоотой заалтуудыг боловсронгуй болгож, энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй байх, эрэн сурвалжлах нууц ажиллагаагаар олж авсан баримт, мэдээллийг үнэлэхтэй холбоотой заалтуудыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн, УИХ-ын тогтоолыг баталлаа

Мөн өдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцлээ.

Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулав.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 91 арга хэмжээний 65 арга хэмжээ нь хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаагаас 50 арга хэмжээг улсын төсвөөр, 5 арга хэмжээг гадаад эх үүсвэрээр, 6 арга хэмжээг концессын гэрээгээр, 1 арга хэмжээг хувийн хөрөнгөөр, 4 арга хэмжээг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр туссан байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн нийт 91 арга хэмжээнээс 27 арга хэмжээ 100 хувь буюу бүрэн биелж, 23 арга хэмжээ нь 90 хувь, 20 арга хэмжээ нь 70 хувь, 11 арга хэмжээ нь 50 хувь, 6 арга хэмжээ нь 30 хувь, 3 арга хэмжээ нь 10 хувийн биелэлттэй байна хэмээн тэрбээр танилцуулсан.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо бусад байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулж УИХ-аас гаргах тогтоолын төслийг боловсруулсан байна. Ерөнхий сайдын танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Түүнчлэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан цаг сунган үргэлжилж Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна