Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-ыг хүнээр төлөөлүүлж яривал уг нь жаахан тийм. Улс төрд хөл тавьсан он дарааллыг нь тооцож тоолох юм бол дөнгөж хөлд орж байгаа бяцхан жаалтай жишиж болохоор.
Гэвч өнгөрсөн хугацаанд тус намыг тойрон өрнөсөн элдэв дуулианыг анзаарвал бас ч тийм биш. Улс төрд байр сууриа олоод олон оныг үдсэн ах намуудаасаа илүү улс төрийн амбицтай эрхмүүдтэй нүүр тулж басхүү тэр асуудлаа зохицуулж чадаагүйн улмаас унаж, бүдэрч, бүр арчигдаж яваа улс төрийн хүчин ч гэж ойлгож болох юм.
Яагаад гэвэл ХҮН-ын энэ тодорхойлолтыг улс төрийн бусад намын түүхэнд тохиолдож байгаагүй хоёр дарга, хоёр ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр тамга, хоёр байр, гишүүд дэмжигчид нь хүртэл хоёр хуваагдсан зэргээс харж болох юм. Нөгөө талаар ХҮН-ынхан өөрсдийгөө улс төрийн тавцангаас арчигдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч гэж харж болохоор.
Учир нь өнгөрсөн хавраас эхлэн УДШ тус намын даргад нэр дэвшигчид болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Т.Ганболд нарыг бүртгэхээс ээлж дараалан татгалзаж эхний ээлжинд дотооддоо учраа ол гэсэн. Гэвч мань эрхмүүд гал тогоондоо ассан гал дээр тос нэмэхээс хэтрээгүй. Улмаар үүнээс хэд хоногийн дараа тус намын УДШ-д албан ёсны бүртгэлтэй дарга гэгдэх С.Боргил тэргүүтэй эрхмүүд сонгуульд бие даан оролцохоор Үндэсний аудитын газарт нэрсээ өгсөн. Үүнээс үүдэн нийгэмд “ХҮН тарж бутраад үгүй болсон” гэсэн ойлголтыг баталгаажуулсан юм.
Үнэндээ зарим дарга нар нь үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа ч ХҮН улс төрд оршин тогтносоор байна гэж хэлэхэд хэцүү. Учир нь өөрийгөө намын дарга хэмээн ярьдаг Т.Ганболд өдгөө байраа цоожлоод алга болсон бол УДШ-д бүртгэлтэй дарга С.Боргил нь тамга ч үгүй, байр ч үгүй болчихсон арга ядахдаа Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшинэ хэмээн давхиж явна. Мөн экс ерөнхий нарийн бичгийн дарга болон тус намыг анх байгуулагдах үед өөрсдийгөө ирээдүйд чамгүй улстөрч болно гэж итгэж, найдаж явсан нөхөд өдгөө бие даан сонгуульд оролцоно. Ая нь таарвал намаа эргүүлж гаргаж ирнэ хэмээн төлөвлөсөн сурагтай.
Гэвч нэр хүнд нь намагт унасан ХҮН эргэж босч ирэхэд нэлээд хугацаа шаардлагатай бөгөөд нийгэмд бий болоод буй буруу зөрүү ойлголтыг засч заруулахын тулд хэцүүхэн асуудалтай нүүр тулна гэдэг нь хэнд ч тодорхой болчихоод байгаа юм. Хамгийн сонирхолтой нь зарим нь үүнийгээ хүлээн зөвшөөрч бас энэ бүхний хариуцлагыг С.Ганбаатар үүрэх ёстой хэмээн бухимдаж яваа сураг байсан. Үнэндээ сүүлийн хэдэн сар тус намд болсон үйл явдлыг сийрүүлбэл С.Ганбаатар гэх эрхмийн балаг яах аргагүй их.
Учир нь Монголын улс төр дэх хар бараан бүхнийг нил ягаанаар будаж өнгө нэмнэ гэсэн залуус бүх үйл ажиллагаа маань шударга байх зарчим дээр тулгуурлана гэж ярьж, хөөрцөглөж байлаа. Мөн үүний эхлэл болон улс төрд туршлагатай хүнийг даргаараа сонгоно гэсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намынхаа улс төрийн туршлага, түүчээ нь байна гэж ярьж байсан. Гэвч С.Ганбаатар тус намын удирдлагын эрхийг авсан даруйдаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг чөлөөлж улмаар шинэ хүнд энэ албыг залгамжилсанаа зарласан нь Н.Одонгуа гэх бүсгүй байв.
Яг үнэндээ түүнийг нь тухайн үед ХҮН-ын дарга байсан С.Ганбаатар болон Удирдах зөвлөлийнх нь цөөн хэдэн гишүүн танихыг эс тооцвол хэн ч танихгүй тэр ч бүү хэл намынх нь гишүүд мэдэхгүй гэх гомдол байв. Удалгүй тус намынхан тамганы эрэлд хатсан бөгөөд Н.Одонгуад ажлаа өгсөн экс дарга Т.Доржханд сүүлдээ энэ бүхний буруутан болж олны хараанд өртсөн. Ямар сайндаа энэ тухай хэвлэлээр “С.Ганбаатар хэвлэл дээр зар гаргалаа.
Тэрбээр намынхаа тамгыг авах гээд сураглатал тэр нь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Доржхандынх нь цүнхэнд байж таарсан бололтой. Улмаар огцорсон дарга тамгаа өгсөнгүй бултаж. Иймээс нам нь “Тамга алга болсон” гэдэг зар хэвлэлийн хуудаснаа байршуулж, дахин тамга авахаар өргөдөл гаргалаа” гэсэн дуулиан дэгдсэн юм. Хамгийн сонирхолтой нь яг дуулиан дэгдэж байх тэр үед Нийслэлийн ХҮН-ын дарга Ө.Мөнхбат гэх залуу мэдээлэл хийсэн.
Тэрбээр “С.Ганбаатар намын дүрэм зөрчлөө” гэх хэвлэлийн бага хурал зарлаж, Хариуцлагын хороо нь хуралдаж, намынхаа даргын бурууг нотолчихсон. Мэдээж өөрийн дотоод дүрэм журмын хүрээнд энэ шийдвэр нь гарсан биз. С.Ганбаатар даргын тухайд “Намыг дотроос нь хагалах зорилготой маш том бүлэглэл ажиллаж байна” гэсэн дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийснээр ХҮН-ын бужигнаан бүр ч эрчээ авч сунжирсан. Мөн энэ бүхний дараа болсон үйл явдлыг Т.Ганболд гэх эрхэмтэй холбож тайлбарлах ёстой.
Учир нь тэрбээр намаа байсхийгээд л бужигнуулж улмаар С.Боргил тэргүүтэй нөхдийг намаасаа хөөсөн. Сонгуулийн ерөнхий хороонд бичиг илгээлээ гэж байсан ч хачир дээрээ тэрбээр өөрөө албан ёсны дарга бус болж таарсан. Иймээс түүнийг ХҮН-аас хөөлөө гэх шийдвэрийг С.Боргил тэргүүтнүүд мөн гаргаж бас нэг дуулиан дэгдээсэн юм. Юутай ч энэ бүх үйл явдлаас тоймлон харахад ХҮН-ынхан улс төрд “хувьгүй” гэдгээ баталлаа.
Бас үйл ажиллагаагаа эрчимжүүлээд жил ч болоогүй атлаа гишүүдийнх нь амбиц, эрх мэдлийн төлөөх тулаан, зөрчилдөөн, тэмцэл басхүү нэг нэгнээ золигт гаргахын тулд юуг ч хийдэг гэдгээ батлан харууллаа. Иймээс олон нийт тус намыг улс төрийн тавцангаас арчигдсан гэж харж буй бөгөөд үндсэн дарга нь тамга ч үгүй, хөрөнгө санхүү ч үгүй тэр бүү хэл УИХ-ын сонгуульд оролцох эрхээ хүртэл хасуулчихсанаас харахад хэн дуртай нь нам байгуулж улс төрч болж бас сонгуульд оролцдоггүй юм гэдгийг бас нотолж өгөв.
Сэтгэгдэл байхгүй байна