• Эхлэл
  • МАХН-ын “хүүхдийн живхтэй тулалдаан”

МАХН-ын “хүүхдийн живхтэй тулалдаан”

2016/05/16

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН-ынхан хоорондоо зодолдсон, зодолдоогүй, оймсонд хавчуулагдсан, хавчуулагдаагүй гээд байнга л шуугиан дэгдээж байдаг “сонирхолтой” нам.

Зарим нь даргаа өмөөрч нулимсаа цийлэлзүүлж байхад, зарим нь нэг хүний дарангуйллын нам болов хэмээн намаа орхиж байх жишээтэй. МАХН-ын энэ долоо хоногийн шуугиан хүүхдийн живх шидэлцсэнээр эхэлж байх шиг байна. Өнөөдөр МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа зарлан хэвлэлийн бага хурал хийх үеэр намын ахмад гишүүд хүүхдийн живх шидэж үймээн дэгдээлээ. Зарим намынхан оймс шиддэг бол МАХН-ынхан харин хүүхдийн живх хэмээх шинэ “трэнд” Монголын хөгжилтэй улстөрд гаргаж ирэв бололтой.

Ингээд уг нь намуухан эхэлж байсан хэвлэлийн бага хурлын талаарх мэдээллийг эхлээд хүргэе.

Өнөөдөр ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал тэргүүтэй МАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэд МАХН-ын гишүүнээс татгалзаж МАН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн бөгөөд "Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаа явдлыг аль 13-р зууны үеийн урвагчдын түүхтэй адилтгаж яриад байгаа нь буруу. Ардчилсан нийгэмд энэ бол хүний сонголт байх ёстой" гэв.   

Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал “Эмэгтэй хүн уйламтгай байдаг. Гэхдээ би энэ намын төлөө уйлахгүй” хэмээн намаас гарч байгаагаа дуулгасан. Уг намын нарийн бичгийн дарга Эрдэнэжамьян намынхаа төлөө нулимс дуслуулж байсан бол Д.Энхжаргал нь дусал ч нулимс унагахгүй гэж онцлон хэлэв.

Харин МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх “Аливаа жижиг зүйл том руу тэмүүлж байдгийг Ардчилсан нам харуулж чадлаа. Тиймээс бид нийтийн ашиг сонирхлын төлөө том нам руугаа тэмүүлж байна. Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна гэдэг үг байдаг. Тиймээс бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээд намаасаа гарч байна. Бидний эрхэнд халдаж урвагч шарвагчаар нь дуудаж байгаад би гайхаж байна.  Урвагч гэдгийг эх орон ард түмэн, хань ижлээсээ урвасан хүнийг хэлнэ гэж боддог.

Гэтэл Ардчилсан нийгмийг бид өөрсдөө бүтээн байгуулчихаад ардчилсан эрхээ эдлэхийг урвалт гэж үзэхгүй. Яагаад гэвэл МАН бидэнтэй үзэл баримтлал нэгтэй тулгатай нам юм. Тиймээс том эрх ашгийн төлөө сонголт хийж байгааг ойлгох хэрэгтэй байх. Дарга нар нь нэгдэж чадахгүй бол, гишүүд нь нэгдэж чадна гэдгийг харуулна. МАХН өөрөө өөртөө дүгнэлт хийх болсон” гэж “хатуу” мэдэгдэв.

Харин энэ үеэр хурлын танхимаас “Та нар Тэрбишдагвыг Шадар сайд байхад нь зөөлөн суудал авч байсан биз дээ. Энэ намын нэр дээр идэж ууж явсан чинь худлаа юм уу. Ичих нүүргүй, нэр нүүрээ МАН-д худалдсан урвагчид” гэх мэт хашгираан дэгдэж, тэдэн рүү хүүхдийн живх шидсэн “тулаан” эхэллээ. Эсэргүүцэгчид нь хүүхдийн живх ч төдийгүй базсан цаас, салфетка гэх мэт хог шидэж, харааж зүхсэн ч хэвлэлийн бага хурал хийгсэд огтхон ч хариу үйлдэл үзүүлэлгүй гарч явав.

Харин хүүхдийн живх шидсэн Баянхонгор аймгийн МАХН-ын гишүүн А.Одончимэг “МАХН бол асар их тэмцэл дотроос энэ нэрээ олж авсан.

Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа нөхдүүд бол жирийн гишүүдийн дэмжлэгээр гарч ирсэн намын минь өрөм, тос өөхийг нь хамж авчихаад, одоо гарна гээд сууж байна.

Манай намын дарга Н.Энхбаяр шоронд орчихоод байхад бид Д.Тэрбишдагва гишүүнийг хүндэтгээд хамгийн том албан тушаал буюу Шадар сайдын суудалд суулгасан.

Гэтэл тэрээр албан тушаал наймаалцалж, мөнгө төгрөгөөр томилгоо хийсэн гэдгийг би сонссон. Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүс бол тухайн үед агентлагын дарга хийж явсан хүмүүс. Эдгээр хүмүүс манай намын мянгатуудын дарга нарыг мөнгөөр худалдаж авч ирээд суулгачихсан байна. МАХН эзгүйрч байгаа нь намын даргатай холбоогүй. Яагаад гэвэл МАН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүнийг ганцаардуулаад, намын гишүүдийг нь авна гэсэн бодлогоор ийм зүйл болж байна” гэж бухимдалтайгаар хэлж байлаа.

Ийнхүү энэ долоо хоногийн үймээн “Хүүхдийн живхний тулаан”-аар эхлэв. Энэ жилийн хувьд улстөрчид  оймс болоод хүүхдийн живхээр хоорондоо байлдаж, эхнээсээ “оймс” Наранбаатар гэхчилэн нэртэй болоод байгаа. Тэгвэл өнөөдрийн хүүхдийн живхний тулаанаас ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж “живх” хочтой болох бололтой.

МАХН-ынхны толхилцоон дундаас мөнгө хөрөнгө идсэн завшсан сэжим харагдаж байгааг та бүхэн харсан байх. Үндсэндээ МАХН-ын нэрээр бялуу хүртсэн хүмүүс дараагийн бялуу МАН руу орж байгаа бололтой.

Ийн хоёр хар хэрээ бие биеэ гайхав гэгчээр идсэн ууснаа дуудалцаж байгаа хүмүүсийг хараад ард түмэн бухимдаж “Энэ сонгуульд дээрх хоёр нам гарах нь юу л бол. Сонгууль болоогүй байхад ингэж арсалдаж, урваж, шарваж байгаа хүмүүс улс орны ирээдүйг баллах вий” гэлцэж байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    kkkk bugdeeree byaluu idmeer bhad ,zaaval dampuursan namd uldeh uu,,,,
    2016 оны 05 сарын 17
  • сонгогч
    хамгийн цор ганц үнэн бол анхнаасаа МАХН гэж байгаагүй, тийм нэрийг больж МАН хэмээх анхныхаа нэрийг сэргээсэн, харин хүний орхисон хуулиар хориотой нэрийг АН-ынхны хуйвалдаанаар авсан хэсэг нөхөд тэрийгээ нам гэж андуураад, одоо бүр дүрдээ итгээд солиороод явж байна даа, одоо больцгоо АН засаг төр барьж чадахгүйгээ дахин сүүлийн удаа нотоллоо, ингээд гүйцээ, хууль жинхэнэ шударгаар үйлчилбэл МАХН гэдэг нэрийг хэн ашиглах эрхгүй, сэргээн ашиглах эрх нь МАН-д л бий
    2016 оны 05 сарын 17
  • Зочин
    Уулаасаа энэ чинь коммунист угшилал байхгүй юу. Нэг нэгээ барьж иддэг нь тэдний жам хувь тавилан даа
    2016 оны 05 сарын 17