Монголдоо өндөр зэрэглэлийн гэгддэг “Корпорэйт Конвеншн центр”-т өнөөдөр 14.00 цагийн орчимд гал гарсан талаар бид мэдээлсэн.
“Корпорэйт Конвеншн центр”-ийн театрын хэсэгт гал гарсан бөгөөд галыг Онцгой байдлын албаныхан унтраасан.
Тус албаны зүгээс галын шалтгааны талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй бол “Корпорэйт”-ийн үүсгэн байгуулагч Т.Ганболд үүнийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Тэрээр манай мэргэжилтнүүд галыг гадны шалтгаанаас үүдэлтэй гэж хэлсэн гээд
-Надтай "гангстэр" болж тоглох гэж байгаа бол нэгт: Би айхгүй! Хоёрт: би хууль хяналтын байгууллагаар шалгуулж нарийн мэргэжлийн дүгнэлтийг харна гэж нэлээн хатуухнаар хэлжээ.
“Алтан Дорнод Монгол” гэгддэг Т.Ганболд тус компанийг маш их өр, зээлтэй байхад нь худалдаж авч, хөл дээр нь босгосноороо гавьяатай гэгддэг. Мөн түүний “Корпорейт-1, 2” зочид буудлууд болон Их тэнгэр дэх салбар нь Монголд өндөр зэрэглэлийн гэгддэг. Нэг хэсэг МАН-ын томоохон хандивлагч гэгддэг байсан Т.Ганболд ХҮН хэмээх намд элсэн орсноор дуулиан тарьсан. Шинэ хүчин төрлөө гэгдэж байсан ХҮН-ий дарга нь УИХ-ын гишүүн “Босоо” гэгддэг С.Ганбаатар болсноор бужигнаан эхэлж, сүүлд нь намынхантайгаа хэл үгээ ололцохоо болин Т.Ганболдыг намын даргаа болгосон. Харамсалтай нь гурван намын дарга, хоёр тамгатай болсон ч учраа ололцож чадаагүй ХҮН-ийнхэн одоо бүгд бие даан нэр дэвшиж байгаа.
Нэг хэсэг намын дарга болсон Т.Ганболд ч гэсэн бие дааж нэр дэвших үү, аль нэг намын нөмөр бараадах уу гэдэг дээрээ тулаад байгаа. Тэгвэл түүний тансаг цогцолборт гарсан галын шалтгааныг ч мөн улстөржүүлж болох бололтой. Лав л өөрөө бол "гангстэр" болж тоглоход бэлэн байгаа бололтой.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна