• Эхлэл
  • Ч.Хүрэлбаатарын урилгыг АН-аас хэн хүлээж авах вэ

Ч.Хүрэлбаатарын урилгыг АН-аас хэн хүлээж авах вэ

2016/05/17

АН-ынхан ёстой л аргаа барьж байгаа бололтой. Ирэх сонгуулиар ард түмэн тэдэнд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэх магадлал бага болсон тул аргаа барсандаа луйврын сүүлчийн аргаа хэрэглэсэн нь олны дургүйцлийг хүргээд бай­на. Тэр нь тойргуудад ман­дат хуваарилах АН-ын ээл­жит шог гараа юм.

Юутай ч АН-ынхан сонгуулийн тойр­гийн мандатыг өөрсдөд ашиг­тайгаар хуваарилж чаджээ. Ингэхдээ хэзээнээс л МАН-д элэгтэй байсаар ирсэн Говь-Алтай, Булган, Сүхбаатар айм­гийн сонгогчдыг үл тоон нэг мандат хуваарилсан бол Хэн­тий аймгийг Чингисийн өлгий нутаг нэрээр нэг квот нэмж олгов.

Басхүү Увс аймагт тойрог хуваасан байдал нь яах аргагүй анхаарал татаж буй бөгөөд тус аймгийн хам­гийн зүүн талын сум болох Зүүн­хангайгаас баруун талын сум болох Бөхмөрөнг нэг тойрог болгожээ.

Гэтэл эдгээр сум нь хоорондоо 600 гаруй километрийн зайтай. Тиймээс сонгуульд нэр дэвшигчид сурталчилгааны 18 хоногийн хугацаанд тойрогтоо хэрхэн ажиллах вэ гэдэг нь анхаарал татаж буй юм. Тэгвэл АН-ын энэ луйвар эртнээс зохион байгуулалттай тэр ч бүү хэл уг тойргоос бат сонгогддог Ч.Хүрэлбаатар гишүүнийг унагах төлөвлөгөө байсан гэх.

Ямартаа л энэ тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы танхимд, ард түмнийхээ нүдэн дээр ил тод хэлж, АН-ын гишүүдийг чаддаг юм бол надтай өрсөлд гэхэв дээ. Ингэхдээ тэрбээр “Ч.Хүрэлбаатарыг Увсад цавчиж унагана гэж хэсэг нөхөд ярилцаад тойргийг өм цөм хуваан улмаар АН-ынхан хүч түрэн баталлаа. Тойргийг өм цөм цавчиж хуваасан хүмүүс намайг цавчих юм уу. АН-ынхан намайг цавчиж унагах юм уу. Үгүй шүү.

Хэнийг сонгох оо ард түмэн мэддэг юм. Тойргийг өөрийнхөөрөө хувааж намайг цавчина гэж бодож байгаа тэр хүн ирээд Увсын зүүн хязгаарын баруун хязгаартай нь хольж 34 дүгээр тойрогт ирээд өрсөлд. Би хүлээж байна” хэмээсэн. Мөн тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энэ саналыг Н.Алтанхуяг гаргасан хэмээн хэлсэн” гэсэн юм. Гэвч Н.Алтанхуяг үүнийг үгүйсгэж “Би наад асуудлыг чинь мэдэхгүй шүү” хэмээн мэлзэв.

Тэгвэл Увсын тойргийг ингэж хуваах нь ганц Н.Алтанхуяг ч биш Х.Тэмүүжин, “фортуна” Б.Батбаяр гээд АН-ынханд бүгдэд нь хэрэгтэй байсан бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы танхимд Увсын тойрогтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр “Фортуна” Б.Батбаяр Х.Тэмүүжин хоёр тойрог зурдаг болсон юм байна. Х.Тэмүүжинг Увсад очиж нэг хоносныг мэдэх юм.

Гэтэл Увсын тойргийг хуваах хүртлээ энэ нутгийг мэддэг болсонг би лав мэдэхгүй юм байна. Та нар бүлгийн даргын өрөөндөө сууж байгаад энэ төлөвлөгөөг хийсэн” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. Энэ бүхнээс харахад Увсын тойрог АН-ын анхаарлыг эртнээс татаж тэр ч бүү хэл МАН-ыг хэрхэн унагах вэ гэдэг төлөвлөгөөн дээр тус намын бүх толгой ажилласан нь тодорхой боллоо.

Үнэндээ АН-ынхны хувьд Увс аймаг хатуу бас халуу­хан тойргийн тоонд зүй ёсоор ордог.  Иймээс тэд энэ тойрогт ялалт байгуулахын тулд АН-ын бүлгийн даргын өрөөнд цугларч, улмаар дээр өгүүлсэнчлэн Ч.Хүрэлбаатарыг гаргахгүй байх цавчааг хийсэн байж болох. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар АН-ынхан шиг увайтсангүй. Харин УИХ-ын чуулганы танхимд албан ёсоор мэдэгдэл хийж, АН-ын гишүүдийг дуэлд дуудлаа.

Энэ  ч утгаараа АН-аас хэн гэдэг гишүүн Увсад очиж нэр дэвших вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл зарим эх сурвалж Ч.Хүрэлбаатар гишүүний энэ дуудлагыг Н.Алтанхуяг хүлээж авах болов уу гэсэн таамаг дэвшүүлж байна. 2012 онд намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн. Харин энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрлэснээр жагсаалт үгүй болсон тул тэрбээр Увсад горилох нь гарцаагүй. Энэ утгаараа увсчууд удахгүй болох сонгуулиар хэний хүүг гаргаж ирэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. 

Эцэст нь, АН-ын тойргийн мандатын луйвар ганц энэ биш. Тухайлбал, Булган аймаг 61.138 хүн амтай, Өмнөговь 60.872 хүнтэй. Мөн нэг мандат  булаалгасан Булган 16 сумтай бол Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчийн тоогоор яривал Булган аймаг 39.115, Өмнөговь аймаг 34.067 сонгогчтой гэх. Гэтэл Булган аймаг нэг, Өмнөговь хоёр мандаттай нь олон хүний анхаарлыг татаж буй бөгөөд булганчууд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна билээ. Харин тэдэнд АН-ынхан ямар тайлбөр өгөх бол. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна