Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн өчигдөрийн /2016.05.17/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор танилцууллаа.
Монгол Улсын 2016 оны макро эдийн засгийн төлөв байдал, 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна