• Эхлэл
  • НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзжээ

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзжээ

2016/05/18

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор таницлжээ.

Тэрбээр, Монгол Улс жилдээ 7,000 тонн ноолуур, 20,000 тонн ноос, 10 сая ширхэг арьс шир, 400 мянган тонн мах бэлтгэж байна.

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль /шинэчилсэн найруулга/ 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа бөгөөд дараах заалтууд ньүйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулж, дамжуулан борлуулагч, зуучлагчдад ашигтай байдлыг бий болгосон байна” гэв.

Хуулийн 13.1.21 дэх заалтад “Экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир”-ийг НӨАТ-аас чөлөөлөгдөх бараанд хамааруулахаар хуульчилсан нь тухайн салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, боловсруулалтын түвшинг харгалзаж үзээгүйгээс экспортод гаргах самнасан ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, өрсөлдөх чадвар буурах, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт буурах, ноолуур, арьс ширэнд өртөг шингээж, гүн боловсруулах сонирхол үйлдвэрлэгчдэд төрөхгүй байх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгээд байгаа аж.

Хуулийн 14.1.4 дэх заалтад “ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, таван хошуу мал”-ыг оруулаагүйгээс тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг хасч тооцох боломжгүй болжээ.

Ноос, ноолуур болон мах боловсруулах үйлдвэрүүдийн үндсэн түүхий эдээ худалдан авсан үнийн дүнд шингэсэн албан татварыг хасалт хийх боломжгүй болгож, улмаар бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа бууруулах, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний өртгийг багасгахын тулд малчдаас авдаг түүхий эдийн үнийг бууруулах, үйлдвэрлэгчдийн орлого, ашиг буурах зэрэг сөрөг үр дагавар бий болоод байгаа юм байна.

Иймд үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргахад зуучлан борлуулагчидтай өрсөлдөхүйц нөхцөлийг бий болгох зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Тиймээс хуулийн төслийн нэгдүгээр зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай “хуулийн 13.1.21 дэх заалтыг “Экспортод гаргасан түүхий болон угаасан ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, түүхий болон идээлсэн /ветблю, ветвайт/ арьс шир” гэж өөрчлөн найруулах, хоёрдугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал” гэж нэмэлт оруулахаар, гуравдугаар зүйлд хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар үйлдвэрлэгчдэд татварын таатай орчин бий болж, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах боломж бүрдэж, үйлдвэрлэл, экспорт, ажлын байр нэмэгдэж, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна