• Эхлэл
  • Монголд ирж чадахгүй байгаа Х.Баттулгын “дөрвөн залуу” хэн бэ?

Монголд ирж чадахгүй байгаа Х.Баттулгын “дөрвөн залуу” хэн бэ?

2016/05/18

Сонгууль ойртож улстөрчид тойрог, мандат хөөгөөд ухаан зулаггүй, намууд ч дотоодын элдэв асуудлуудаа намжааж сонгуульдаа бэлтгэж байна. Үүний ард өвөлжин, хаваржин дуулиан дэгдээж, нийгмийг цочирдуулан, төрийн өндөрлөгүүдийг олны өмнө ил тодоор талцуулж байсан Х.Баттулга болон түүний тойрон хүрээлэгсдийн шалгагдаж байгаа асуудлууд намжиж орхив. Тэгвэл ингэтлээ их өндөр авчихаад сонгуулийн сургаар намжаад байгаа асуудлыг мэдээж хэрэг хуулийн байгууллагынхан шалгасан хэвээр л байгаа гэнэ. Улстөрчид л хутгалдаж дуулиан дэгдээгээд байхгүй бол хуулийнхан хийдгээ хийж л байдгийн нотолгоо бол энэ. Хамгийн сүүлд л гэхэд Х.Баттулгын гарын хүмүүсийн нэг төмөр замын асуудлын гол эзэн болоод байгаа, АНУ-ын иргэн гэх “Либерти Партнерс”-ийн Ч.Ганбатыг хуулийнхан албадан авчруулахаар хөдөлж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Ч.Ганбатыг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан Интерполоор эрэн сурвалжлаад долоон сарын хугацаа өнгөрч байгаа юм.

Хууль хяналтынхан ийнхүү Ч.Ганбатыг авчрах ажлаа эрчимжүүлж байгаагийн зэрэгцээ Х.Баттулгын төрийн “их мөнгөний авдар” дээр сууж байсан бусад залуусыг ч гэсэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл чих дэлслээ. Өмнө нь Х.Баттулгын туслах Түвшинжаргал гэгч бүсгүй саатуулагдаж нийгэм даяар хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хорьж болох эсэх талаар талцан бөөн шуугиан дэгдэж байсан. Тэгвэл тэр үеэр Х.Баттулга хэвлэлийнхэнд амьсгаа өндөртэй яриа өгөхдөө өөрийн тойрон хүрээлэгчдээс дөрвөн ч залууг Монголдоо авчирч чадахгүй байгаа тухай дурдаж байсан нь бүх л телевизүүдээр цацагдаж байв. Гэтэл олон нийт бөгөөд хэвлэлийнхэн хуулийнханд шалгагдаж байгаа хөхүүл эхийн асуудлыг сонирхонгоо энэ дөрвөн залууг хэн болохыг огтхон ч шалгаасангүй.

Ер нь Х.Баттулгыг түшиж, түүнээр татуулж улс төрд оролцсон, яам агентлагт зөвлөх статустай, асар их хэмжээний төсөв бүхий төсөл хөтөлбөрүүдийг удирдан гартаа атгаж байсан залуус хэд хэд бий. Тэгвэл тэдгээр залуусаас даруй дөрвийг нь хуулийнхан шалгаад, тэд нь ч хилийн цаана гарчихаад яг л “Либерти Партнерс” ХХК-ийн захирал шиг муур хулгана болж тоглоод байгааг УИХ-ын гишүүн өөрөө зарлачихсан юм.

Төмөр замд оруулсан асар их хөрөнгө мөнгийг овоолоотой шороо болгон хувиргаж, ард нь үүссэн асуудалд шалгагдаж байгаа “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа мэдээж хэрэг Монголд хуулийнхны хараа хяналтад байгаа учир тэрхүү дөрвийн нэг биш гэдэг нь тодорхой. Тэгвэл хуулийнхнаас буруулж яваа тэр дөрвөн залуу хэн бэ?

Мэдээж нэг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Ганбат байж таарна. Мөн л Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Пүрэвдоржийн Бат-Эрдэнэ бас л “Женко”-гийн хүн. Хоёр нь бол тодорхой байна. Харин үлдсэн хоёр нь хэн бэ. Хэвлэлүүдийн мэдээллийг ухаж үзвэл “Шинэ Яармаг” төслийн удирдагч н.Ууганбаяр гэгч залуу тэр дөрвийн нэг байх магадлал өндөр аж.

Баттулгажсан төсөл хөтөлбөрүүдийн нэг гэгдэх “Шинэ Яармаг”-ийн тухай эргэн сануулая.

УИХ-ын тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулж байв. Тухайн үед Х.Баттулга Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж, н.Ууганбаяр албан бус зөвлөхийн албыг хашиж байв.

2015 онд төслийн нэгдүгээр үе шатны барилгын ажлыг эхлүүлэхэд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байсан бөгөөд үүнээс 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, үлдэх 15 хувь болон зээлийн бусад зардал нийт 50 сая ам.долларын санхүүжилтийг Төрийн орон сууны корпорациар дамжуулан Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болж санхүүжилт ч бүрэн төвлөрч төсөл цаг хугацаандаа эхэлж байв. Тэр үед төслийн удирдагчаар мөнөөх н.Ууганбаяр гэгч томилогджээ.

Гэтэл 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2016 оны II улиралд багтаан эхний ээлжийг ашиглалтад оруулна гэсэн боловч 2016 оны III  улирал эхлэх дөхөж байхад орон сууцны хорооллын ажил яагаа ч үгүй хэвээр. Тэгвэл энэ төсөл анх товлосон цаг хугацаандаа бүтээн байгуулалтаа шийдэж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

Мөнөөх л төмөр замд тулгарсан шиг асуудал энэ төсөлд тулгарч улмаар төслийн удирдагч н.Ууганбаяр нь “Женко” даргын бусад цэргүүд болох Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ шиг гадаадад зугтан гарч хуулийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа юм биш биз гэх хардлага төрүүлж байна.

Энэ хардлагыг батлахад ойртох нэгэн мэдээлэл бий. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн мэдэгдлийг хэвлэлийнхэнд хийж байжээ. Тэрээр мэдэгдэлдээ яг одоо үүсээд байгаа төмөр зам тойрсон асуудлыг онцлоод хажуугаар нь н.Ууганбаярыг ч мөн нэр цохон өгүүлж байв. Тэрээр “Баттулгын орон тооны бус зөвлөх н.Ууганбаяр гэдэг хүн урагшаа явж 300 сая долларын зээлийн гэрээнд нэлээн гүнзгий оролцсон байдаг. "Шинэ яармаг" гэдэг хороолол барихад Монголын талын оролцогч нь энэ н.Ууганбаяр гэдэг хүний хувийн UР гэдэг компани байна гээд гэрээ хийчихсэн. Өөрөөр хэлбэл, сайдын зөвлөх хүн гадаад оронд очиж гэрээ хийгээд түүнийг хэрэгжүүлэгч нь миний компани байна гэсэн шийдвэр гаргуулжээ. Үүнээс болоод энэ асуудал гацчихаад байгаа. "Шинэ яармаг" орон сууцны хорооллын талаарх тоон дотор сонин зүйл их бий. Би үүнийг өөрөө зохиож яриагүй шүү гэдгийг хэлье. Эхлээд 6500 айлын орон сууц гэж байснаа, Хөгжлийн банкинд очиж баталгаа гаргуулах үед 3995 болж буурсан. Сая Сангийн сайд өмнөд хөршид айлчлах үед нөгөө UP групп нэрээ солиод "New projeсtor" болж, нөгөө орон сууцны тоо нь 3660 болсон байх жишээтэй. Дахиад 300 орон сууц нь алга болсон. Эдгээр шалтгаанаас болж ярьж байгаа асуудлууд гацаад байна. Хөгжлийн банкны ТУЗийн дарга Батжаргалаас Сангийн сайд асан С.Баярцогтод ирүүлсэн албан бичигт эдгээр фактууд байна. Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх гээд "Санхүүгийнхээ гурван жилийн тайланг хуулийн дагуу гаргаж өгнө үү" гэсэн шаардлага тавьсан чинь гаргаж өгөөгүй, сүүлдээ нөгөө компани нь нэрээ өөрчлөөд, орон сууцныхаа тоог багасгаад өөр нэртэй, нэг эзэнтэй компани болоод байна. Ууганбаяр болон Ганбат гэдэг хүмүүсийг Х.Баттулгын зөвлөхөөр томилсон тушаалууд энд байна. Эдгээрийг төр олон нийтэд мэдээлэх цаг болсон гэж бодож байна” хэмээж байжээ.

Ц.Нямдоржийн хийсэн ихээхэн ноцтой гэмээр энэ мэдээллүүдээс төмөр замтай хэсэг нь лав өнөө цагт батлагдчихаад, баривчилгаа, хууль шүүх дээрээ тулчихсан төдийгүй эрх баригчдыг хүртэл талцуулаад байгааг бид мэднэ. Тэгвэл гишүүний хардсанаар “Шинэ Яармаг” төсөл анх 6500 айлын орон сууц барина гэж санхүүжилт татаад 3995 болж буурсан эцэстээ 300 нь дахиад дутсан, компани нь UP групп байснаа "New projeсtor" болж нэрээ сольсон, төслийн удирдагчаар нь төрөөс томилсон хүний хувийн компани болж таарсан зэргээр хөрөнгө мөнгө завшиж үрэгдүүлсэн хэрэг ард нь гарсан бол яг л Маккензи болон Либерти Партнерс, Төмөр зам тойрсон асуудлуудын талаар хэвлэлд бичээд байдагтай маш ижил төстэй үйлдлүүд энд явагдсан юмуу гэмээр.

Эцэст нь “Женко”-гийн буянаар сайдын зөвлөх байгаад олон зуун сая доллар бүхий санхүүжилт нь татагдсан төсөлд удирдагчаар очсон н.Ууганбаяр гэгч нь  мөн л асуудал үүсгэчихээд түүнийх нь мөрөөр хуулийнхан ормогц, Х.Баттулгын өөрийнх нь хэлснээр “Монголдоо ирж чадахгүй байгаа дөрвөн залуу”-гийн нэг болсон уу? Баттай эх сурвалжийн мэдээллээр түүнийг сүүлийн хэдэн сард гадаадад яваа гэх. Хэрэвзээ Х.Баттулгын харьд байгаа дөрвөн залуугийн нэг нь н.Ууганбаяр мөн юм бол дөрөв дэх нь хэн бэ гэдэг асуулт ч эндээс урган гарна. Эдгээр асуултад цаг хугацаа тун удахгүй хариулт өгөх биз, бид ч асуудлын мөрөөр эргэн мэдээлэх болно.

А.Амар 

Холбоотой видеог энд дарж уншина уу 

Х.Баттулга:Манай дөрвөн залууг Монголд оруулж ирж чадахгүй байгаа

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Batuul gegch nuhur heel hahuuli gegch uymiig yaruuhan todoor yaralzuulj bna doo. Jishee gevel tuunii tursun duug ni barilgiin salbariig yaj ezegnej bgaag har daa!!! Edgee nuhdiig ehleed bari daa shalga daa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 05 сарын 19