УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж улмаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Тухайлбал, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг мөн Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Эдгээрээс олны анхаарлыг хамгийн их татсан асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байв. Дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Болд ажилласан. Энэ ч утгаараа тэрбээр төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг хийсэн юм. Тэрбээр “Манай ажлын хэсэг энэ хуулийн төслийг боловсруулахын тулд хичээнгүйлэн ажилласан. Нэлээд олон байгууллага дээр очиж, санал дүгнэлтийг нь тусгасан. Бүх салбар дээр нь очиж бэлдсэн. Одоо бид иргэнээ хамгаалах гээд цагдаагийн албаны асуудлыг нэлээд өргөн хүрээтэй ярьж байгаа.
Дөнгөж сая УИХ дээр хуулийн байгууллагын шинэчлэлтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн хуулиуд батлагдлаа. Хүний эрх талаасаа сайн хуулиуд гарсан гэж үзэж байна. Цаашдаа цагдаагийн тогтолцоо нь эрхзүйн чиглэлд бүр ч боловсронгуй болгох тухай бид ярьж байгаа. Бид цагдаа гэхээр ганцхан эрүүгийн, хэв журмын гэж ойлгоод байдаг. Гэтэл үүний цаана хилийн болон гаалийн шалган дээр бас цагдаа ажиллаж байна. Тэдний хувьд мөн л хууль сахиулах үүрэгтэй. Мөн Тахар гээд шинэ нэр гараад ирсэн. Энэ асуудлыг ярихад шүүхийн цагдаа гэсэн нэр томъёогоор явах юм болов уу гэсэн санал гарч байсан. Гэхдээ ажлын хэсэг дээр ярьж байгаад үүнийг орхисон” гэв.
Түүнчлэн ажлын хэсэг дээр зэвсэгт хүчинд хууль сахиулах үүрэг, функцийг бий болгох тухай асуудал хөндөгдсөн аж. Энэ талаар тэрбээр “Дэлхийн бүх улс оронд зэвсэгт хүчний салбарт энэ салаа мөчир байдаг. Үнэндээ өнөөдөр дэлхийн аль ч улс оронд манайх шиг ийм замбараагүй хууль хүчин болон иргэний байгууллагаа холиж хутгалдсан тогтолцоо байдаггүй.
Иймээс үүний эх үндсийг энэ хуулиараа тавиад цаашдаа шаардлагатай дүрэм журам, зохицуулалтыг хийх боломжтой болгоод явах саналыг ажлын хэсэг гаргавал дэмжих үү” гэсэн юм. Мөн тэрбээр “Бид Тахар гээд нэрнээсээ эхлээд хазгай гишгэсэн. Сүүлдээ татан буух чиглэл рүү явсан. Ажлын хэсэг бие даасан байдлыг хамгаалахаар болсон. Мөн бид комиссар гэдгээр явж байгаа. Цэргийн цолтой холбоно гэдэг буруу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол иргэний байгууллага” гэдгийг дахин дахин онцолсон.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл нар асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль маш чухал. Л.Болд, Ц.Оюунгэрэл гишүүн нар их хөдөлмөр гаргасан байна” хэмээн ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэв.
Байнгын хорооны гишүүд ч ажлын хэсгийнхнийг сайн ажиллаж, асуудалд тал талаас нь нухацтай хандсаныг хэлсэн юм. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 11, найруулгын чанартай 12 саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан.
Тухайлбал, төслийн 82 дугаар зүйлийн 82.7 дахь хэсгийг “Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусахад хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь тогтоогдвол ахлах шийдвэр гүйцэтгэгч биелүүлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна” гэж өөрчлөн найруулахаар болсон.
Мөн төслийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна албан тушаалын цолны мөнгийг гурван сар хүртэл хугацаагаар хасах, цол бууруулах, цолыг хураан авах зэрэг сахилгын шийтгэл оногдуулахаар өөрчлөн найруулахаар болсон. Түүнчлэн уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
Үүний дараа нь Хууль сахиулах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Түүчнлэн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин санаачлан боловсруулж өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна