-НИТХ-ын сонгуульд ганц ч бие даан нэр дэвшигч өрсөлдөх эрхгүй боллоо-
Эрх баригчдын гэнэтийн шийдвэр дуусгавар болох болоогүй бололтой. Саяхан л 2016 оны сонгуулийг бие даагчдын сонгууль болох нь гээд тодорхойлчиход буруудахааргүй байсан. Улс төрийн хүрээнийхэн энэ жил урьд өмнө байгаагүй олон бие даагч нэр дэвшиж буйг янз бүрээр тайлбарлаж байв. Үүнд АН, МАН хэмээх хоёр хүчнээс олон хүн залхаж байгаагийн илэрхийлэл, судалгаагаар ч бие даагчид ялалт байгуулах магадлал өндөр байна гэгдэж байсан. Гэтэл гэнэтийн гэмээр явдал болж НИТХ-ийн сонгууль лав ганц ч бие даагчгүй болох нь. Өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хороо бүх бие даагчдыг бүртгэхээс татгалзав. Татгалзсан шалтгаан нь ч мөн гэнэтийн. Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-д бие даагчдын дэмжигчдийн гарын үсгийг бараг л цагдаагийн байгууллага шиг бүртгэн, гарын үсгээ зурсан хүн бүрээс очиж, нэр дэвшигчийг үнэхээр дэмжиж байгаа эсэхийг биечлэн асууж, видео бичлэг хийн нэр дэвшигчээ “танихгүй” байгаа дэмжигчдийг илрүүлэн баталгаажуулжээ. Ингээд ганц ч бие даан нэр дэвшигч үлдээсэнгүй 19 бие даагчийг бүгдийг нь зөрчилтэй гэж үзэн бүртгэхээс татгалзсан байна.
Үүнийг Сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчлүүд байсан учраас бүртгээгүй гэж Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун тайлбарласан. Гэхдээ урьд өмнө хичээж ингэж гарын үсгийг нягтлан мөрдөн байцаалтын хэмжээнд судалж баталгаажуулж байсан тохиолдол үгүй. Ийн хуйгаар нь хасч байгаа нь бие даан нэр дэвшигчдээс эрх баригчид ихээхэн болгоомжилж байгаагийн илрэл бололтой.
Дээрх гэнэтийн шийвэрийн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун “Бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Бидэнд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй. Та ямар нэгэн санаа зорилготой байлаа гэж үзэж байгаа бол шүүхэд хандах бүрэн эрхтэй” гэж хариулав. Гэвч энэ хариулт ч гэсэн эргэлзээтэй, магадгүй тодорхой зохион байгуулалттай зорилготой харагдаж байна. Ийн АН олонх байгаа нийслэлийнхэн дараа нь гарах хэл ам, хэрүүл шуугианаас ч үл халшран ганц ч бие даагч үлдээлгүй хомроглон хассаныг АН-ын бүр улаан цагаандаа гарчээ гэж хэлэх ч хүмүүс байна. Харин бие даагчдын хувьд бүгдэд нь цагдаагийн мөрдөн байцаалт мэт бичлэг үзүүлэн зөрчлийг “илрүүлсэн” гэж харуулсан учраас ямар нэгэн зүйл хэлж, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгаа бололтой.
Үүнийг УИХ-д бие даан нэр дэвшигчид мөн “айдас”-тай хүлээж авч байна. Учир нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, сонгуулийн тойргийн хуваарилалтаас үүдэн тэдний хувьд ердөө л дөрөв хоногийн дотор 801 хүний гарын үсгийг цуглуулах шахуу хугацаа тулгагдаад байгаа. Бүх хүчээрээ ажиллан дэмжигчдийн гарын үсэг цуглууллаа ч гэсэн нэгэнт НИТХ-ын бүртгэл дээр “иртэй сэлэм” айж ичихгүйгээр үзүүлсэн АН-ынхан УИХ-ын бие даагчид дээр ч ийм бодлого барин, илүү ч хүчтэй “мөрдөн шалгах” ажиллагаа явуулах нь тодорхой боллоо гэж үзэж байна. Өөрсдийнх нь саналыг хувааж магадгүй гэх ИЗНН, ХҮН-ыг сонгуулийн тулаанаас арчиж чадсан эрх баригчид бие даагчдыг хуулийн зөрчлөөр хайр гамгүй бүртгэхээс татгалзаж чадах нь бараг тодорхой болж байх шиг байна. Хүсвэл ямар ч хуулийн заалтаар тэднийг унагах боломж мэдээж тэдэнд байгаа. Тэр тусмаа хүчтэй өрсөлдөгч байж болох нэр дэвшигчдийг аль хэдийнэ ангуучилж эхэлсэн гэсэн яриа гараад байна. Тойргоо хүртэл өөрсдөдөө зориулж хуваарилж, хувааж, Сонгуулийн хуулиа өөрчилж чадаж байгаа эрх баригчдад хийж чадахгүй зүйл гэж юу байх сан билээ дээ?
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна