Нийслэлийн Сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд бие даагчид болон эвслийн зарим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тухай бид өчигдөр мэдээлсэн.
Ийнхүү бүх даагчдыг бүгдийг нь зөрчилтэй хэмээн үзэж бүртгэхээс татгалзсан нь ямар нэгэн зорилготой байх магадлалтай гэсэн хардлага төрүүлээд байгаа аж.
Тэгвэл өнөөдөр эвслийн гишүүд, бие даагчдын төлөөлөл Нийслэлийн Сонгуулийн хороог шүүхэд өгөхөөр болсноо өнөөдөр мэдэгдэв.
НИТХ-ын сонгуульд оролцохоор "Эх орончдын нэгдсэн эвсэл" тав, "Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл" 32, нийт 37 нэр дэвшигч материал илгээсэн. Сонгуулийн тухай хуульд зааснаар орон нутгийн сонгуульд тухайн орон нутагт салбартай нам зөвхөн оролцоно гэж тодорхой зохицуулсан байх тул эвслийн нэр дэвшигчдийг бүртгэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүртгэхээс татгалзсан.
Тэгвэл Нийслэлийн Сонгуулийн хороо процедурын алдаа гаргасан хэмээн “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслийн гишүүд үзэж байгаа бөгөөд тэд "Нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн материал очихоос өмнө тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хянаж байгаа Аудитын газар материалууд хуульд нийцэж байна уу гэдгийг хянаад батламжлах ёстой. Сонгуулийн хороо хуульд тайлбар хийх субъект биш. Сонгуулийн хороо дээрх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн хэрэг" гэв.
Дээрх шийдвэрийг эсэргүүцсэн албан бичгийг "Эх орончдын нэгдсэн эвсэл", "Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл"-ээс СЕХ-нд хүргэх юм байна. Хэрэв тэдний хүсэлтийг гурав хоногийн дотор хуулийн дагуу шийдэхгүй бол Нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.
Мөн тэд “Бидний дунд хууль зөрчсөн, цэрэгт явах үүргээ биелүүлээгүй, оффшор данстай ганц ч хүн байхгүй. Биднээс юунд айсан юм бэ. Ард түмэн л сонгоно шүү дээ” гэв.
Нийслэлийн сонгуулийн хороо эвслийн гишүүд, бие даагчдыг ийн өөнтгөлж шахаж байгааг ямар нэг зорилготой үйлдэл хэмээн иргэд хэлж байна. Ямартай ч гурав хоногийн дараа энэ асуудал хаашаа эргэх нь шийдэгдэх биз ээ.
Сэтгэгдэл байхгүй байна