УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн баасан гаригт /2016.05.20/ ХУД-ын 4-р хорооны иргэдтэй уулзаж “Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл”-ийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр иргэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон 1072 хувьцааны талаар гишүүнээс сонирхон асууж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж мөн хийх ажлын тухай ярилцсан бөгөөд түүний хувьд байнга хийдэг уулзалтуудынх нь нэг юм.
Ингээд УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
- ХУД-ын 4-р хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдээс ямар санал хамгийн ирсэн бэ?
- Иргэд газрын асуудал их ярьж, асууж байна. ХУД-ийн иргэдийн хувьд газраа өмчилж авснаар сонголт бий болж байгаа юм. Иргэд газраа өөрийн эзэмшилд авч тухайн газар дээр байшин бариад нөхцөлөө сайжруулаад бүх насаараа эндээ амьдрах уу, эсхүл газраа арилжаад орон сууцаар солих уу гэх эргэлзээ, асуулт гарч байна. Үүн дээр иргэдийг өөрсдөө шийд гээж хаяж болохгүй. Дахин төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулалтын шийдлүүд байгаа юм.
Нөгөөтэйгүүр иргэд өөрсдөө шийдвэр гаргах, оролцох тэр бололцоогоор хангах хууль гаргаснаар дахин олон хувилбарт сонголтууд гарна. Ингээд иргэдэд олон жилийн үр дагавартай зөв шийдвэрийг олгох бололцоог хуулиар олгох ёстой. Хуулийн шийдлийн талаар ч иргэдэд байнга мэдээлэл өгч сонголт хийхэд нь туслаж байх ёстой. Тэгэхгүй бол иргэд мэдээлэл муутайгаас сонголтоо буруу хий тохиолдол гарч болзошгүй. Тийм учраас миний зүгээс энэ чиглэлийн мэдээллийг түлхүү хүргэхийн тулд ийм уулзалтуудыг байнга хийдэг юм.
- Иргэд 1072 хувьцааны талаар асуулт тавьсаар байна. “Эрдэнэс Тавантолгой”-н гэх энэ хувьцааны талаар иргэдийн дунд байнга шахам төөрөлдсөн олйголтууд явдан. Энэ талаар анх санаачилсан, хамгийн их хөнддөг хүний хувьд та юу хэлэх вэ?
- Энэ хувьцаа нь ганц нүүрсний асуудал биш. Монголын баялаг иргэдийнх байх ёстой. Иргэд энэхүү баялгаа эзэмшдэг, ашиг тусыг нь хүртдэг, үйл явц нь хяналтан дор байх ёстой. Зөвхөн газрын баялаг ч биш газрын бус баялаг ч үүнд хамаатай юм. Иргэн бүр хувь нэмрээ оруулж, Монгол Улсыг авч явж байгаа олон секторууд байна шүү дээ. Энэ бүх секторуудыг оруулсан зохион байгуулалт, зохицуулалтыг хийж, хувьцааг иргэддээ өгөх ёстой юм. Энэ талаар хууль санаачилсан. Цаашдаа түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.
- Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд маш олон байна. Сугалаанд азтан болж чадаагүй иргэд дахин энэ сугалаат хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсч байна. Таны хувьд энэ хөтөлбөрийг хэр дэмжиж байна вэ?
- Их олон зорилтот бүлэг байгаа бөгөөд эхний ээлжинд цөөхөн хүмүүсийг хөтөлбөрт хамруулсан. Ихэнх хүмүүс хөтөлбөрийн гадна үлдэж байна. Засгийн газраас энэ хөтөлбөр олон мянган хүнийг хамарсан хөтөлбөр болгох ёстой. Иргэд нь нүдээ олсон шийдвэр гаргахын тулд хороодоор дамжуулаад, иргэд өөрсдөө, өөрсдийн ногдсон квотоор ээлж дараатай дотроо шийддэг байх ёстой. Ингээд нээлттэй ил тод зөв шийдвэрлэснээр төр засгийн маш том зөв арга хэмжээ болно гэж бодож байна.
- Тулгамдаад байгаа асуудлын хамгийн их хувийг эзэлж буй асуудал газар юм байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- ХУД-ийн иргэдийн хувьд газрын маргааны асуудал байна. Нийт иргэдийн 70 хувийнх нь газрын асуудлыг шийдсэн. Гэхдээ цаана нь үлдсэн асуудлууд байгаа. Үүнийг цаашид төр засгаас анхаарч шийдэх ёстой. Үүнд бид асуудлуудаа тавьсан байгаа бөгөөд шат шатандаа авч шийдэх байх гэж найдаж байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна