• Эхлэл
  • Экс ерөнхийлөгчийн өлсгөлөн хийгээд элдэв шуугиан

Экс ерөнхийлөгчийн өлсгөлөн хийгээд элдэв шуугиан

2016/05/26

Өнөөдрийн хамгийн дуулиант үйл явдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намынхаа арваад “нөхөд”-тэй төв талбайд өлсгөлөн зарлах тухайгаа зарласан явдал. Түүнтэй цуг мөн нэр дэвших боломжгүй болоод байгаа намынх нь дэд дарга Эрдэнэжамьяан өлсгөлөн зарлана.  Намынхаа даргыг өмөөрөн нулимс цийлэлзүүлж байсан Эрдэнэжамьяан өмнө нь Хууль зүйн дэд сайд байхдаа албан тушаалаа ашиглан нэр бүхий иргэд буюу Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа,  одоо МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Тулгын ах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгааг зогсоох захидлыг Интерполд илгээснээрээ албан тушаалаа хэтрүүлэн ашигласан зүйл анги сонссон. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ялтай байдлын хугацаа 2017 оны наймдугаар сард дуусна гэж АТГ-гээс тайлбарлаж байсан юм. Харин үүнийг эсэргүүцэж тэд 10 хоногийн хугацаатай өлсгөлөн нойтон өлсгөлөн зарлахаар шийджээ. Өлсгөлөн зарлаад шийдэл ч хүрч чадах эсэх нь тодорхойгүй ч тэд өнөөдөр өлсгөлөнд бэлтгэн эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн гэжээ.

Н.Энхбаяр өмнө нь  2012 онд хоригдож байх хугацаандаа арав гаруй хоног хуурай өлсгөлөн зарлаж байсан юм. 

Сонгууль угтсан элдэв “жигтэй” үйлдлүүдийн завсарт өнөөдөр мөн Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг гэгч эмэгтэй хэвлэлийн бага хурлын үеэр үсээ хусуулж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэрээр Дархан уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа ийн илэрхийллээ. Өмнө нь нэлээд хэдэн жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоодын хохирогч үсээ хусуулж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

 

Өнөөдөр мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийг нь цагдаагийн байгууллага хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ. Тэрээр оффшор дансны мэдээллийг ил болгосон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгтэй холбоо тогтоон Вашингтоныг зорихоор өчигдөр нисэх онгоцны буудал дээр очоод байхад нь Эрүүгийн цагдаагийн газраас заавал ирэхийг шаардсанаар түүнийг хилээр гаргахыг хориглосон байна. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас залилангийн гэмт хэрэгт шалгаж байгаа гэж нэлээд сүртэй мэдээлж байгаа бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тус компанийн үйл ажиллагааг сурталчлахаар байгуулсан гэрээ гэж тайлбарлалаа. Гэхдээ 2013 оны гэрээг өнөөдөр яг оффшор дансны асуудлаар  АНУ-г зорих гэж байхад гэнэт сэжим болгож гаргаж ирж, хилээр нэвтрэхийг хориглож байгаа нь гайхашрал төрүүлэхээр байгаа юм. Үүнийг эрх баригчдын оффшор дансны мэдээллийг ил болгохгүй сэтгүүлчийн эрх чөлөөг хааж байгаа явдал гэж иргэд шүүмжилж байна. 

Ийн сонгуулийн халуун өдрүүдийн өмнө олныг гайхашруулсан явдлууд ар араасаа болсоор байна. Харин хамгийн сонирхох ёстой намуудын нэр дэвшүүлэлт хөшигний ард өрнөж байна. Монголын улс төрийн гол тоглогч болсон АН, МАН нэр дэвшүүлэлтээ явуулахаар тус тусдаа чамгүй наймаа тохироо, заримдаа нанчилдаанд хүрэм тулалдаан өрнөж байгаа, гэхдээ харамсалтай нь “хөшигний ард”.

Харин маргааш гэхэд “цусгүй” тулаанд хэн хэн ялж, хаанаас нэр дэвших нь тодорхой  болох юм.  

А.АНУ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 05 сарын 31