Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдээ намууд тавдугаар сарын 28-нд эцэслэн тодруулах ёстой. МАН-ын Бага хурал маргааш товлогдсон ч одоо хэр нь аймгийн намын хороод нь хуралдаж УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулаагүй байна. Эх сурвалжийн мэдээллээр бол МАН-ын хороод 27-нд үдээс хуралдах сураг дуулдаж байгаа бол мөн МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид нь анхан шатнаас тодрохгүй Бага хурлаас тодорно гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол МАН анхан шатны байгууллагынхаа саналд үндэслэх бус зөвхөн Бага хурлын 310 гишүүнээр хайрцаглаж нэр дэвшигчдээ тодруулж болзошгүй байгаа гэнэ.
Харин Ардчилсан намын хувьд уржигдраас эхлэн аймаг, дүүргийн Ардчилсан намын эрх бүхий байгууллагууд нь хуралдан нэр дэвшигчдээ сунгаагаар тодруулж байгаа мэдээллүүд гараад байгаа. Маргааш Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдан нэр дэвшигчдээ эцэслэн тодруулах юм. “Олон жилийн туршлагаар” бол АН-ын ҮЗХ маргааш оройхон тийшээ ширүүхэн хуралдаж, хуулийн эцсийн хугацаанд нэр дэвшигчдээ зарлах байх гэсэн таамаг байна, аливаа “чухал” асуудлыг шөнө дөлөөр, цаг тулган 00.00 цагаас өмнө баталдаг жишиг тогтоод байгаа ёсоор.
Гэхдээ эхнээсээ аймаг, дүүргийн намаасаа нэр дэвших эрхээ авсан хүмүүсийн мэдээлэл ил болж, зарим нь өөрсдөө FB, твийтер хуудсаараа баяр баясгалантайгаар мэдээлж эхлээд байгаа. Энэ нь намын анхан шатны байгууллагаасаа нэр дэвших эрхээ авснаар ҮЗХ дээр элдэв маргаан будилаан гаргахгүй, баталгаажуулах арга юм шиг ч харагдаж байгаа. Ер нь бол намын анхан шатны байгууллагаасаа ийнхүү ил тодоор нэр дэвших эрхээ авч байгаагаа зарлана гэдэг ҮЗХ дээр янз бүрийн “хор” орж нэр дэвшигчээ унагааж магадгүй гэсэн хардлагыг үгүйсгэх ч нэг хэлбэр байж болох юм. Ингээд өнөөдрийн байдлаар нэр дэвших эрхээ аваад байгаа мэдээллийг хүргэе.
Олимпоос УИХ руу хөтлөхүй
Хамгийн их шуугиан дэгдээгээд байгаа нь Баянхонгор аймаг. “Женко” гэсэн нэртэй УИХ-ын гишүүн Х.Баттулгын баталгаатай тойрог гэгддэг Баянхонгорт “босоо” Женко, УИХ-ын гишүүн “бидон” нэртэй болсонс Д.Ганбат нараас гадна олимпийн аварга Н.Түвшинбаярыг УИХ- ьд сойхоор болсноос Х.Баттулга олимпод ивээн тэтгэсэн бөхөө УИХ-д хөтлөв, УИХ-ыг дугуй танхимыг горилогсод бөхчүүдээр хүчээ зузаатгав гэсэн яриа үүсгээд байна.
С.Баярцогт Сэлэнгээс нэр дэвшинэ
Оффшор данстангуудыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж намын дарга нь мэдэгдсэн ч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт энэ удаа “төрөлх” Сэлэнгийнхээ Ардчилсан намаас нэр дэвших эрхээ авлаа. Газар тариалангийн гэгддэг энэ аймгаас Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэг, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар нэр дэвших эрхээ авчээ.
Л.Эрдэнэчимэг Сонгинохайрханд “унав”
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр, НИХТ-ийн тэргүүлэгч Т.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайд асан Э.Ургамалцэцэг, нар нэр дэвшихээр болсон гэсэн мэдээлэл гарав. Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг нэр дэвшихээр сунгаанд оролцсон ч намынхныхаа дэмжлэгийг авч чадаагүй бололтой. АН-ын Сонгинохайрхан дүүргийн нэр дэвшигчид тодорлоо гэсэн ийм зурагтай мэдээлэл сошиал ертөнцөөр тархлаа.
З.Энхболд Баянголд
Эрдэнэ засаг вангийн дүүрэг гэсэн хошин нэртэй болоод байгаа Баянгол дүүржгт Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд өрсөлдөхөөр болсон байна. Дөрвөн мандаттай энэ дүүрэгт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарт нэр дэвших эрхийг дүүргийн намын хорооноос олгожээ.
Сүхбаатар дүүрэгт залуус өрсөлдөнө
Өмнө яригдаж байсан ёсоор Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, банкны гэгддэг Б.Мэдрээ нар өрсөлдөхөөр мандатаа гардлаа. Б.Мэдрээ өмнөх сонгуулиар намын жагсаалтаар аман хүзүүгээрэ “таслуулсан”, Х.Тэмүүжин ч мөн жагсаалтаар сонгогдож байсан. “Гуя дагуулж хүзүү” гэдэгчлэн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийнхөө “дагавар”-т сулхан нэр дэвшигч дайдаг жишиг байдаг бол хамгийн боловсролтой, шалгуур өндөртэй гэгдэг Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам дөрвөн том “кандитат”-аа илгээж буй бололтой.
Хан-Уулд Г.Байгальмаа
Хан-Уул дүүрэгт өмнө ч сонгогдож байсан УИХ-ын гишүүн Л.Болд энэ удаа мөн мандатаа авлаа. Мөн л энэ дүүрэгтэй “холбоо”-той байдаг УИХ-ын гишүүн Г.Батхүү, бас энэ дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон УИХ-ын дарга З.Энхболдийн зөвлөх, өмнө нь Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Барилга хот, байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа нэр дэвших эрхээ авсныг мэдээлсэн байна.
Их хааны гурван “баатар”
Их хааны өлгий нутагт илүү мандат хуваарилах ёстой гэж “онигоо”-нд орсон УИХ-ын гишүүн Ц.Гарамгайбаатар их хааны өлгий нутагтаа нэр дэвшихээр болсон байна. Гурван мандаттай болсон тус аймагт Б.Гарамгайбаатараас гадна Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх М.Хүдэрбаатар, Хэнтийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар Ардчилсан намаас нэр дэвших эрхээ анхан шатны байгууллагаасаа авлаа.
Р.Бурмаа Дархан-Уулд
Дархан-Уул аймгаас Ардчилсан намын нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, МҮАН-аас Ардчилсан намд саяхан элссэн УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Мөнхдаш нар нэр дэвшихээр болжээ. Р.Бурмаа сайд саяхан хүртэл Дорнодод нэр дэвшинэ гэсэн шуугиан дэгдэж байсан. М.Сономпил, Н.Мөнхдаш нарын хувьд угаасаа л Дархан-Уулын гэсэн тодотголтой хүмүүс гэдэг.
Өвөрхангайн гурван “үл мэдэх”
Өвөрхангай аймгийн Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд С.Дэмчиг, Л.Бат-Орших, Даваабаяр нарыг УИХ-д нэр дэвшүүлэхийг дэмжлээ гэсэн албан мэдээ байна. Орон нутагтаа танигдсан нь юу юм бэ гэхээс олон нийт энэ гурван нэрийг нэг их сайн мэдэхгүй л болов уу.
Ш.Адьшаа Ховдод
Ховд аймгаас УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ш.Адьшаа, Д.Пүрэвдорж нарт УИХ-д нэр дэвших мандатыг олгожээ. Бие даан нэр дэвшигчдийн дунд Ш.Адьшаа гэдэг нэр гарч ирснээр хүмүүсийн дунд эргэлзээ төрөөд байсан. Ямартаа ч Ш.Адьшаа нь Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон бололтой.
Сүхбаатарт Ж.Батсуурь
Хоёр мандаттай байх ёстой Сүхбаатар аймгийн нэг мандатад Засаг дарга Ж.Батсуурьтаа УИХ-д нэр дэвших эрхийг нь 100 хувийн саналаар олгожээ.
М.Зоригт Дорноддоо
Зам тээврийн сайд М.Зоригт нэр дэвшихгүй гэж гэнэт мэдэгдэж байсан ч энэ удаа Дорнод аймгаас нэр дэвших мандатаа өвөртлөжээ. Өмнө нь Дорнодод өрсөлдсөн ч ялагдаж байсан ч дахин даагаа нэхэх нь. Түүнтэй хамт Дорнодын тойрогт аймгийн намын хорооны дарга “казино”-гийн гэгддэг “улаан буриад” Д.Энхбаатар нэр дэвшихээр болсон тухайгаа сошиалд зурагтайгаа тавьсан байна лээ.
Увсын нэр дэвшигчдийг Н.Алтанхуяг ахална
Увс аймгаас УИХ-ын гишүүн, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний зөвлөхөөр ажиллаж байсан “Тэсо”-гийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар нэр дэвших мандатаа авчээ. УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд байсан С.Отгонбаярын дүү С.Амарсайхан нь МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл бас байгаа юм.
Маргаан дагуулсан Дундговь
Дундговь аймгийн Ардчилсан нам өчигдөр хуралдаж, нэр дэвшигчээ тодруулах ёстой байсан ч оронд нь Зөвлөлдөх зөвлөлөө хуралдуулан, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзсэнээс маргаан гарч, хэрхэн шийдэх нь тодорхойгүй болжээ. Уг нь сунгаанд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс гадна Равжихын Эрдэнэбүрэн, Наранцацралтын Соёмбо нар өрсөлдөх байсан аж. Тус тойрог нь нэг мандаттай учраас гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нь аймгийн намаасаа нэр дэвших эрх авч Үндэсний зөвлөлдөх хороогоороо батламжлуулах ёстой. Гэвч аймгийн Ардчилсан нам хуралдаж шийдвэр гаргах бус Зөвлөлдөх зөвлөл нь хуралдсанаас болж, Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд Б.Наранхүүгийн нэрийг оруулж батламжуулах нь үндсэндээ дүрмээ зөрчсөн хэрэг болж, хувираад байгаа аж. Маргаан яаж шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.
Завханд Я.Санжмятав
Завхан аймгийн Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Завханд Төрийн банкны захирал асан Д.Батсайхан нэр дэвшинэ гэсэн яриа сонсогдож байсан ч тэрээр аймагтаа намынхныгаа удирдан оролцохоор болжээ.
М.Батчимэг яагаад “мултрав”
Уг нь УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхонд нэр дэвшинэ гэж байсан ч нэрээ татсан сурагтай. нгээд тус аймгаас Д.Одхүү, Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн нар нэр дэвшихээр болжээ.
Энэ мэтчилэнгээр нэр дэвшигчдийн талаарх мэдээллүүд цуварч байна. Намууд маргааш нэр дэвшигчдээ эцэслэн тодруулах юм.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна