“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа-II” хороололд 350 айлд түрээслэх байрных нь түлхүүрийг саяхан гардуулж өгсөн. Мөн удахгүй “ТОСК”-иас Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд ирэх долдугаар сард ашиглалтад орох “Хангай” хорооллын байранд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 720 айлд байр түрээслүүлэхээр төлөвлөгдсөн байгаа. ТОСК байгуулагдаад гурван жилийн хугацаанд хэд хэдэн сайдын нүүрийг үзэхдээ богино хугацаанд маш олон ажлыг амжуулж хийж чадсан. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I, II” орон сууц баригдаад ашиглалтад орчихлоо.
Аймаг бүрт 1000 орон сууц барих зорилтын хүрээнд долоон аймагт орон сууц босчихлоо. Үнэндээ солигдож байсан сайд нар ажил хийхэд саад болж байсан уу гэхээс тус болж байсан нь ховор. Ингэж хэлэхийн учир гэвэл Барилга, хот байгуулалтын яамны сайдаар Д.Цогтбаатар болонгуутаа популизм хийж байрны урьдчилгаа 10 хувь болгоно гэж “шоудсан” ч энэ нь бодит ажил хэрэг болоогүй. Үүнээс болоод тухайн үед Буянт-Ухаа хорооллын борлуулалтад сөргөөр нөлөөлж, хүмүүс ч хэсэгтээ баярлан гомдоод өнгөрсөн. Дараагийн сайд З.Баянсэлэнгэ түрээсийн орон сууцыг өмчлөх таатай нөхцлийг бий болгохын төлөө ажиллахын оронд намчирхсан уу яасан болохгүй, бүтэхгүй үгс хэлдэг болсон.
Тодруулбал. “ТОСК”-ийн дэд дарга Д.Алтанхуяг: “Түрээсэлж байх хугацаандаа урт хугацаанд буюу орон сууцны түрээсийн төлбөр дээрээ нэмж тодорхой хэмжээний мөнгийг урт хугацаанд төлснөөр өөрийн өмчлөлд оруулах хувилбар бий” гэж ярилцлага өгч байхад зэрэгцэж зогссон сайд З.Баянсэлэнгэ нь “ТОСК-ийн хөтөлбөрт урт удаан хугацаандаа түрээслэж байгаад өмчлөх асуудал огт байхгүй ээ” гэж хэлж байсан нь саяхан билээ. Одоо иргэдийн хамгийн их хүсч байгаа зүйл бол түрээсэлж буй байраа урьдчилгаа заавал төлөхгүйгээр өмчилж авах тухай юм. Энэ асуудлыг шийдчихвэл уг нь олон л хүн баярлах байх даа.
Б.ДОРЖ
Сэтгэгдэл байхгүй байна