Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэр зарлагдсанаар хэн хүнгүй нэр дэвшигчдийг сонжиж, эхнээсээ барилгачин, барималчин, бөхчин, дуучингаар нь дуудаж эхлээд байна. Сошиал ертөнцөөр бөх, тамирчид, дуучин, яруу найрагч, хөтлөгчдийн нэрийг зарлаж, чуулганы танхим дугуй хэлбэртэй юм чинь татами бариад, спикерийн өмнө “бичкэн” тайз засья, бэлээхэн микрофон байгаа юм чинь гэхчилэн хэд, хэдэн бүлэг онигоо үүсээд байгаа.
Нэг үеэ бодвол мэдээ мэдээлэл сайтай болсных эдүгээ хүмүүс нэр дэвшигчдийг тойрог тойргоор нь жагсааж байгаад таамаг, бооцоо ч тавиад эхэлж. Тойрог тойргийн дотроос товойж сонирхол татаж байгаа нь Өмнөговь, Дундговийн тойрог.
Байгалийн баялгийнхаа буянаар Монголд байхгүй шахам баян болоод байгаа газар бол Өмнөговь. Алдарт Оюутолгой, Тавантолгойн орд “цогцолсон” энэ аймгийнхан хэдэн тэрбумаар хөшөө босгож, хэдэн зуугаар нь “Жип” сойдгоороо хэзээнээсээ алдартай болсон.
Тэр хэрээрээ “аймгаас” төрсөн нууц тэрбумтнууд. Аль цагийн л Тавантолгойн нүүрсийг өдөр шөнөгүй зөөж, Монголын толгой баян болсон “Ажнай” хэмээх алдартай Б.Бат-Эрдэнэ энэ тойрогт нэг унаж, нэг боссон. Тавантолгойн хишгээс нутгийнхандаа хүртээнэ гэж амладаг Б.Бат-Эрдэнэ УИХ-д бол “сайхан” хэлгүй “Кариолия”. Өмнө нь УИХ-ын дөрвөн жилийн хугацаанд “бүхэл бүтэн” зургаан минут үг хэлж рекорд тогтоож байсан. Харин энэ удаагийн чуулганы танхимд үг хэлсэн эсэхийг нутгийнхан нь л лав санадаггүй, өөрөө ч санадаг эсэхийг хэлэх аргагүй. Тэгсэн хэрнээсээ ид шидийн гэмээр хүчээр энэ удаад Өмнөговьд сонгогдох эрхээ нүд ирмэхийн зуур авчихсан. Зэргэлдээх тойрогт Баян Бадраа гэж нэрших шахаад байгаа одоогийн аймгийн Засаг ноён нэр дэвшиж буй . “Ажнай” Бат-Эрдэнийн сүүдэр гэмээр байсан Засаг ноён энэ удаа Сонгуулийн хууль өөрчлөгдсөнөөр ийн аймагтаа нэр дэвших эрх олж аваад байгаа. Түүний тухай мөн л авдраар авдраар алт хураасан гэх домог шахуу яриа байдаг. Ийн Өмнөговьд Монголын зартай хоёр баян нэр дэвших нь аль хэдийнэ тодорхой болчихоод байхад МАН тэдний өөдөөс Б.Амарсанаа хэмээх бүсгүй, Л.Энхболд хэмээх шавилхан залуу хоёрыг сойжээ. Сойх ч юу байхав, олны төдийлөн сайн танил биш хоёр залуу томчуудын айж тойроод байгаа, үнэндээ бол барахад хэцүү тойргийг өөрсдөө сонгосон гэнэ. Мөн л тэнэг зориг шүү.
Дундговь аймагт “дархан” эрхтэй хэмээн таахалздаг болсон УИХ-даа бол байгаа, байхгүй нь мэдэгддэггүй бас нэг хэлгүй “Кариолия”Б.Наранхүүг Дүнжингарав захаар нь нийслэлийнхэн бол мэддэг. Хэзээнээс Дундговь аймгийнхныг “угжиж” дархлаа тогтоосон гэдэг. Монголын толгой баян гэгддэг түүний өмнөөс МАН-аас Б.Амарсанаа хэмээх залууг сойсон нь тун сонин. Тэртэй тэргүй “вээгүй” их мөнгөтэй газрын баянд хаяж өгч байгаа ”өгөөш” үү залуу хүний тэнэг зориг уу мэдэхгүй, Б.Амарсанаа “Аавын хүүгийн үзээд гардаг газар” гэж өөртөө тун итгэлтэй байгаа сурагтай. Тэр бүү хэл, түүнд өөр тойрог санал болгоход халхын баяны “аман”-д өөрөө мөн л сайн дураараа гүйж очсон гэнэ.
Уг нь бол усан бороо ч ховорхон эдүгээ бол мөнгөөр бороо орох шахдаг болоод байгаа байгаа өмнийн говийн гурван тойрогт ямархан тулаан болохыг тун ч удахгүй харах л болох нь дээ. Монголын гурван том баяны өөдөөс нэг шар бүсгүй, “тэнэг” зоригтой хоёр шавилхан залуу ямар тулаан өрнүүлэх бол?
Сэтгэгдэл байхгүй байна