МАХН гэдэг намаас гарч байгаагаа мэдэгддэг "танил" хэвлэлийн бага хурал өнөөдөр бас болов. Сүүлийн сар гаруйн хугацаанд лав гурван ийм хурал болсон шиг санагдана. Энэ удаад сонгуулийн ажил хэдийнэ эхэлж, нэр дэвшигчдээ бүртгүүлж буй энэ үед гишүүд нь намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Тэд намаас гарах гэж буйгаа намын дарга Н.Энхбаярын өлсгөлөн зарласантай холбож тайлбарлажээ. Тэд ийн өлсгөлөн зарлаж, "шоудаж" байгааг эсэргүүцэж байгаа гэнэ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн өнгөрсөн өдрүүдэд нойтон өлсгөлөн зарлаж, өчигдөр нэр дэвшигчдийнхээ бүртгэлийг СЕХ-нд хүргүүлсэн. МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буй гишүүдийн тайлбарлаж буйгаар Н.Энхбаярын энэ үйлдлээс шалтгаалж, нэр дэвшигчид нь тойрогтоо штабаа байгуулах, орон нутагт бэлтгэлээ базаах ажлууд нь хоцорч байгаа аж.
Түүнчлэн Н.Энхбаярыг заавал өлсгөлөн зарлаж, сонгуулийн далд сурталчилгаа явуулах шаардлагагүй байсан гэж тайлбарлалаа. Намынхаа гишүүнчлэлээс татгалзаж буй гишүүд Н.Энхбаяр зөвхөн өөрийнхөө төлөө бусдын амь насыг аюулд оруулан өлсгөлөн зарлаж байхын оронд МАН-тай нэгдэн сонгуульд оролцох арга замыг хайх хэрэгтэй байсан гэж онцлов.
Сэтгэгдэл байхгүй байна