Ардчилсан намыг олон фракцтай гэж ихэд муулдаг. Гэтэл МАН-д хэнд ч дийлдэшгүй нөхдүүд бас байна аа. Тус намын бага хурлаас тодорхой харагдлаа. Улстөр судлаачид одоо үгээ хэлэх байхаа. Энэ удаагийн сонгуульд төр түмний үйл хэрэгт зүтгэж ирсэн буурь суурьтай ахмадуудаа парламентаас ихэд шахсан нь МАН-ын бага хурлын хувьд ихэд анхаарал татлаа. Залуучуудынхаа амбицийг энэ удаад ихэд хөөрөгджээ.
Тэд улстөрд дараачийн залуу үеийнхний цаг ирсэн гэдгийг газар сайгүй хэлж өрнүүлсээр байгаагаас ойлгож болно. Танхимын уур амьсгал нь ч тийм байсан байх. Тулхтай хашир ахмадууд нь юу боллоо гэж залуучуудаа дагаж хөөрч хийрхээд байх билээ.
МАН төр засгийн эрхнээс бууж, сөрөг хүчний байр суурьт шилжсэн цагаас эхлэн өөдтэй өнгөтэй бүхнийг гутаах, мушгин гуйвуулах, муучлах хэтэрхий улс төржсөн үзэл суртлын талбар нь парламентын танхимд явагдаж байсан. Намынхаа тийм улстөрд итгэл өгсөн залуучууд өнөөдөр нь УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ.
МАН-ын бага хурлаас гайгүй гэсэн улстөрчдөө юуны учир хөгшчүүл үеэ өнгөрөөсөн ахмадууд хэмээн хөшигний ард үлдээв. Монголчууд “ Хүний хууч нь дээлийн шинэ нь” гэдэгдээ. Энэ намын үйл хэргийн төлөө нэр нүүр хоёроо барж явсан генсек асан У.Хүрэлсүх, Дорноговь аймгаас батлагаатай суудал авч ирдэг Ж.Батсуурь, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Булганы нэртэй Ё.Отгонбаяр гишүүн, Төв аймагтаа хүндлэгддэг Су.Батболд гишүүн тэрбээр Чөлөөт Хэвлэл мэдээллийн салбарт хууль тогтоомж санаачилагч гэдгээр нь манай сэтгүүлчид сайн мэднэ. Тус салбарынханы дэмжлэгийг ямагт хүлээсэн түшээ шүү дээ.
Говь-Алтай аймгийн жирийн ард иргэдийнхээ дунд итгэл хүлээсэн түшээ нэртэй Ц. Дашдорж гишүүн нараас илүүтэй гэж МАН-ыг АН-тай холбож МАНАН-аас салж амьдрая хэмээн чадлынхаа хэрээр хараар будаж дуу хоолойгоо өргөж байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг намдаа эргүүлэн авлаа. МАХН бидний нам Н.Энхбаяр даргыг маань хэлмэгдүүлж байна МАНАН-ынхан гэж байсан хоёр нөхөр маань ийнхүү эргэж ирээд МАНАН-даа уусч төрийн хэрэгт цагийн өнгийг харж холбирч хөрвөдөг болох нь олонд танигдаж сайнгүй нэртэй сонгуульд оролцох нь ээ.
Парламентын тогоонд хэрхэн бужигнуулж, шударга орон зайд улс төрийн тоглолт хийж чадсан Ц.Даваасүрэн, Х. Болорчулуун шиг хэлсэн ярьсанаасаа эргэж бухдаг, өр ихтэй гэдгээрээ Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс шүүмжлэл сонссон Н.Номтойбаяр, Л.Энхамгалан, О.Содбилэг гээд л харинч ахмадуудаасаа тийм ч их гавихааргүй нөхдүүд төрийн сонгуульд зүтгэцгэлээ.
Үнэхээр тулх ноён нуруутай залуу үеийнхний төлөөлөл үү эсвэл улстөрөөр хийрхсэн хэсэг бүлэг залуучуудын нэгдэл МАН-аас гарч ирэв үү гэдэг нь өнгөөрөө ялгарч удахгүй танил болно. О.Баасанхүү шиг, Ж.Батзандан шиг, “Босоо” хэмээх нэрийг олсон гишүүн С.Ганбаатар мэт залуучууд парламентад олноороо орж ирвэл төрийн тогоог хөмөрч мэднэ. Гэхдээ хэрсүү ухаантай ард түмэн маань тэднийг шүүн тунгаана.
Сэтгүүлч Л.Цэрэн-Очир
Сэтгэгдэл байхгүй байна