АСЕМ-ын дээд төвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болж, дээр дооргүй ажил ихтэй байна.
Тус уулзалт нь манай улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа бөгөөд АСЕМ-ыг угтаж хот тохижилтын ажил болоод зочдыг хүлээж авах кочид буудлын ажил дуусах шатандаа оржээ.
Мөн дээд төвшний уулзалтыг угтаж зохиогдох дагалдах хурлуудын зардлын төсөв, АСЕМ-ын Дээд төвшний уулзалтын урьдчилсан тойм төсөв, “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах зардлын төсөв зэргийг хэлэлцжээ.
Дээд төвшний уулзалтын урьдчилсан төсөвт, арга хэмжээ болох “Шангри-Ла” төв, түнш орнуудын дээд хэмжээний зочид байрлах “АСЕМ вилла” хотхоны түрээсийн зардал, төлөөлөгчдөд зориулсан бэлэг дурсгалын зардал зэрэг багтаж байгаа аж. Зочид төлөөлөгчдөд зориулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах төсөвт урлаг соёл, наадмын арга хэмжээ, дэд бүтэц, талбайн бэлтгэл ажил, хамгаалалт, аюулгүй байдал, хоол хүнсний хангамж түүний аюулгүй байдлын талаар нийт дөрвөн багц төсөв багтсан байна.
Эдгээр төсөвтэй Үндэсний Зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцаж, хэд хэдэн чиглэлээр хэмнэх боломж байгааг судалж, хэрэгжүүлэхийг Сангийн яамныханд үүрэг болгожээ. Мөн арга хэмжээ зохиогдох газруудад цахилгаан тасрахаас сэргийлж нэмэлт дизель станц байрлуулахыг даалгасан байна.
Сэтгэгдэл байхгүй байна