Өнөөдөр бүх нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэхээ Төрийн ордны хурлын танхимд шаагилдаж байгаад гардаж авсан. Ёстой л олон “өнгө”-ийн гэмээр нэр дэвшигчид шаагилдаж ахуйд Ардчилсан намын нөхөд хамраа ч цухуйлгасангүй. Цагтаа хаан ч заан ч явсан МАН-ын гэхэд хөтлөлцөж орж ирээд журамтайхан үнэмлэхээ гардаж, гэргий хүүхэд, гэр бүлийнхэн, хамтрагчид багийнхан нь Төрийн ордны төмөр хашааны гадаа баглаа цэцэг барин тэвчээртэй хүлээж байв.
Сураг сонсоход Төрийн ордны “А” танхимд тусгай VIP хэлбэрээр нэр дэвшигчдийнхээ үнэмлэх гардуулах гэж байгаа гэх. Энэ удаагийн сонгуульд нийт 498 хүн нэр дэвшиж байгаагийн 422 нь ийн жирийн ардын журмаар 12.00 цагт үнэмлэхээ гардаж авсан бол АН-ын 76 нь тусдаа 15.00 цагт үнэмлэхээ авахаар тусгай танхим бэлтгүүлэн, харуул хамгаалалтаа чангатгаж байв. Гэвч хэвлэлийнхэн 15.00 цагт цугласан ч АН-ын тусгай танхимдаа орж ирсэнгүй, ёслолын ажиллагааг 16.00 цаг болгож хойшлуулсан гэх. Энэ зуур З.Энхболд тойргоо солиулахын тулд цагийг нь хойшлуулсан гэнэ, тойргийг нь солихгүй бол намынхныхаа батламжийг гардуулахгүй гэсэн гэнэ гэх мэт шуугиан ч дэгдээд амжив. Эцэс сүүлд нь АН-ынхан өөрсдийн тааламжит цагт үнэмлэхээ гардахаар болж А танхимыг гадаа давхар хамгаалалт гарган зөвхөн, нэрсийн жагсаалтад бичигдсэн хүмүүс болон, парламентын сурвалжлагч нарыг танхим руу нэвтрүүлэхээр болж, тэр хавиар явсан хүмүүсийг сүрийг үзүүлэн хөөж тууж гарлаа. Олны нүдэнд харагдашгүй “үнэтэй” нэр дэвшигчид танхимаас гарч ирэх ахул бөөн цэцгийн баглаа. Нөгөө тэсрэх бодис, баглаа цэцэг оруулахыг хориглодог Төрийн ордон ч яалаа. Хүмүүсийг төрийн одон медаль гардуулахад цэцэг оруулахгүй чухам аюулгүй байдлын үүднээс гээд хориглодог хамгаалалтын албаныхан АН-ын дарга нарыг цэцэг барин гүйлдэхийг “харж” байгаа ч юм алга.
Ийн хатуу хамгаалалтын дор үнэмлэхээ гардаг “өнгөлөг”нэр дэвшигчид шууд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөгөөр дайран Чингис хааны хөшөөт хэсгээр чухам Чингисийн баатрууд шиг алхан гарч ирж зургаа авахуулаад өмнүүр нь битүү хар костюм, пиджактай хамгаалагчтай, төрийн тусгай хамгаалалтынхан зогсож, нэр дэвшигч нар руу хэвлэлийнхнийг ч ойртуулсангүй, хааж хамгаалаад сүйд болов.
АН-аас “бусад” гэж нэрлэгдэж байгаа нэр дэвшигчид хэвлэлийнхнийг хормойдож гүйх шахаж байж, ярилцлага өгч байсан бол, АН-ынханд хүрэхийн тулд хамгаалагчид бороохойдуулах янзтай даг. АН-ынхан мөнгөтэй өнгөтэй ч гэж жигтэйхэн, туг далбаагаа намируулаа л, зурагчид, зураглаачид гүйлдээд л, цэцгийн баглаа алаглаад л. Арай л нисдэг камераар зургийг нь аваагүй байх. Сураг сонсоход хонхны баяраа тэмдэглэж яваа залуусыг Чингисийн хөшөөний өмнө зургаа авахуулах гэтэл “Дарга нар гарч ирэх гэж байна” гэж хөөсөн гэх.
АН хаан ч байлаа, заан ч байлаа, өнөөдрийн хувьд. Ингээд нэг “агаар”-аар нисээд ирэхээрээ эвгүйтдэг шүү, АН-ынхаан
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна
MAN namiig bur tsuunh bolgomoor bna.Tegvel ajild tushaa bolohguiamar.Uls oron mash hurdatstai hugjij bns.Aldaagaa zasaad ulam ihiig buteegeerei AN- nhaan