Нэр дэвшигчид өчигдөр /2016.06.07/ нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг нэг дор нэг цагт гардан авсан. Ганцхан АН л бусдаас онцгой дээд зэргийн байдлаар Төрийн ордны “А” танхимд тусгай VIP хэлбэрээр нэр дэвшигчдийнхээ үнэмлэх гардуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Энэ удаагийн сонгуульд нийт 498 хүн нэр дэвшиж байгаагийн 422 нь "жирийн" ардын журмаар 12.00 цагт үнэмлэхээ гардаж авсан бол АН-ын 76 нь тусгай танхим бэлтгүүлэн, харуул хамгаалалт дор үнэмлэхээ гардсан. Энэ талаар хүмүүс:
- Төрийн ордон ардчиллын ордон болчихсон юм байна.
- Дээрэнгүй байдал, эрх мэдлээ хэрхэн ашиглаж байгааг тэд өөрсдөө л харуулж байна шүү дээ. Ард түмэн энэ үйлдлийг зөвөөр ойлгоно гэдэг юу л бол.
- Бусад нь хууль ёсны дагуу үнэмлэхээ авч байхад эд юугаараа илүү гэж өөрсдийгөө ийн дөвийлгөн ялгарч байна вэ? Бусдын адил үнэмлэхээ гардан авсан бол бохирдсон нэр нь улам бохирдохгүй байсан байх.
Ийн АН-ын дээрх үйлдэл иргэдийн дургүйцлийг нь хүргэсэн бололтой. Сонгууль дуустал энэ мэтийн жүжиг дуусахгүй байх гэлцэж байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн талаар мэдээлэл хийсэн. Тус хорооноос мэдээлж буйгаар энэ удаагийн сонгуульд 12 нам гурван эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч өрсөлдөх гэж байна. Үүний 129 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Харин нийт нэр дэвшигчдийн 215 нь хөдөө орон нутагт, 283 нь нийслэлд нэр дэвших аж.
Намуудын тухайд МАН-аас 76, Ардчилсан намаас 76, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс 44, Иргэний зориг ногоон нам 15, Монголын Уламжлалын нэгдсэн нам 11, Хаан сонголт эвсэл 9, Бүгд найрамдах нам 36, Социал демократ нам 17, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 9, Ардчилсан хөдөлгөөний намаас 3, МАХН-аас 71, Ард түмнээ хайрлая намаас 13 зэрэг нэр дэвшигч байгаа аж.
Гэтэл нэр дэвшүүлэлт дөнгөж эхлэхтэй зэрэгцэн сонгуулийн хууль зөрчигсөд эхнээсээ гарч ирлээ. Үүний нэг бол Дархан-Уул аймгийн 43-р тойрогт "Эх Орончдын Нэгдсэн Эвсэл"-ээс нэр дэвшигч С.Ганбаатар буюу үймээний эзэн. Түүнийг хуурамч материал бүрдүүлэн сонгуульд нэр дэвшсэн хэмээн Цагдаагийн байгууллагад шалгуулна гэж хэсэг иргэд мэдээлж байсан. Харин нэр дэвшигч үүнийг өөрийг нь сонгуульд оролцуулахгүй байх зорилгоор хийж буй зохион байгуулалттай үйлдэл гэж нэр дэвшигч үзэж байгаа аж. Гэхдээ тэрээр өчигдөр /2016.06.06/ нэр дэвшигчийнхээ батламжаа авсан байна.
Харин өнөөдөр УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатар Сонгуулийн хуулийг зөрчсөн талаар МУНН-аас хэвлэлийн бага хурал зарласан байна. Бид энэ тухай дэлгэрэнгүй мэдээлнэ.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна