Сонгууль 2016: АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийг харьцуулъя
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй зэрэгцэн намуудын мөрийн хөтөлбөр олон нийтэд ил боллоо. Сонгуульд оролцогч намуудаас Ардчилсан нам, Монгол ардын намын мөрийн хөтөлбөр иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байна.
Шулуухан хэлэхэд, дээрх хоёр намын аль нь илүү биелэгдэх боломжтой, амьдралд ойр, өргөн цар хүрээг хамарсан, иргэн бүрт хүрч чадах мөрийн хөтөлбөрийг боловсруулсан тэр нь иргэдийн итгэлийг хүлээнэ.
Эрх баригч Ардчилсан нам 2012 оны сонгуулийн“Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрөө энэ жил дэлгэрүүлжилүүболовсронгуй болгосон байна. Харин Монгол Ардын нам улс орны өнөөгийн чиг хандлага, нөхцөл байдалд тохируулан шинэ мөрийн хөтөлбөрийг боловсруулжээ. Ингээд тус хоёр намын мөрийн хөтөлбөрийн ялгагдах онцлогтой танилцъя.
Монголын төрийн хамгийн эхэнд хийх ажил бол иргэдийг ажилтай, орлоготой болгох. Ажилтай, орлоготой хүн сайхан амьдарна. Тэр хэрээр улс хөгжинө. Тэгэхээр Засгийн эрхийг аль ч нам барьсан энэ чиглэл рүү бодлого, боловсруулан түлхүү ажиллах шаардлагатай юм. Намуудын мөрийн хөтөлбөрийн гол үзэл, баримтлал ч энэ чиглэлд байх ёстой.
Энэ үүднээс Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө ядуурлын түвшинг 18.0 хувь хүртэл бууруулна хэмээн тусгажээ. Тэдний зорьж буй тоо мэргэжлийнхэн, судлаачид ҮЭ-ийнхэн зэрэгт илүү тааламжтай сонсогдож байгаа. Гэхдээ иргэд макро түвшний үзүүлэлтийг биш өөрсдийн амьдралд гарах өөрчлөлтийг илүү харж байгаа шүү дээ.
Өрх бүр хангалттай хэмжээний орлого олж тэр хэрээр сайхан амьдарч чадаж байвал л төрийн бодлого жинхэнэ ажил хэрэг болсон гэсэн үг. Харин өнгөрсөн жилүүдэд өрх бүрийн амьдралд дээрх өөрчлөлт орж чадсан уу гэдэг нь сонин.
Монгол Ардын нам хүн амыг бүлгүүдээр нь хувааж тус бүрт нь чиглэсэн ажлыг зохион байгуулахаар болсноо мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, боловсрол, мэргэжил зэрэгт нь тохирсон хөтөлбөрийг боловсруулан ажиллана гэсэн үг.
Ардчилсан нам орон сууцны ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарын ажил эрхлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Гэхдээ энэ нь биелэгдэх магадлал тун бага хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Учир нь орон сууцны үнэ иргэдийн худалдан авах чадвараас давж, нийлүүлэлт илүүдсэн нөхцөлд барилгын салбарт ямар ч дэмжлэг нэмэр болохгүй гэж тус салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Харин Монгол ардын нам ипотекийн зээлийг олон хувилбартай олгох, хүүг нь бууруулах гэсэн зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Ардчилсан намаас “Цагийн ажил” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тус нам нь цагийн ажил, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, аутсорсинг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүдийг сургуулиа дөнгөж төгссөн мэргэжилтнүүд, гэртээ хүүхдээ харж буй болон удаан хугацаагаар ажил хийгээгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ашиглахаар тусгажээ.
Энэ нь иргэдэд шинэ соргог сонсдож болох ч ийм ажлын эрэлт хир их байх нь эргэлзээтэй гэж ажил олгогчид үзэж байна. Ялангуяа эдийн засгийн хямралтай нөхцөлд уламжлалт бус хөдөлмөр эрхлэлтийн хэлбэр өргөн хэрэглэгдэж чаддаггүй сул талтай аж.
Мөн тус намын мөрийн хөтөлбөрт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн асуудал бүрхэг тусгагдсан байна. Тиймээс өрсөлдөгч Монгол ардын нам нь тэдний анзааралгүй үлдээсэн асуудлыг харж хувийн хэвшил рүү, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжсэн ажлыг хийх дарааллыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Тухайлбал, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр гэртээ хүүхдээ хардаг ээжүүд ажилтай болох цаашлаад гурваас дээш хүүхэдтэй ээж нийгмийн халамжийг илүү хүртэх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна