Иргэд 1072 хувьцааныхаа 30 хувийг төрд худалдаалахаар өчигдөрөөс /2016.06.213/ эхлэн банкуудад оочирлон материалаа бүрдүүлж өгч байна.
Энэ үйл явц өнөөдөр хүртэл явагдаж байгаа бөгөөд үүнийг зарим иргэд сонгуулийн шоу хэмээж байгаа юм.
2012 оны сонгуулийн үеэр мөн 1072 хувьцаанаас хөгшид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэоэн мөнгөөр харин оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр олгосон. Тиймээс тухайн үед 1072 хувьцаанаасаа хүртсэн иргэн энэ удаа 30 хувийг нь худалдаалах боломжгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингээд харахаар хувьцаа нь сонгуулийн үеэр амь ордог гэдэг нь тодорхой.
Тэгвэл Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос "Эрдэнэс-Таван толгой"-н 1,072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн Газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр "2016 оны зургаадугаар сарын 09-ны өдөр Засгийн Газрын №311 тогтоолын дагуу иргэн бүрт эзэмшүүлсэн байгаа "Эрдэнэс-Таван толгой"-н 1,072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 322 хувьцааг багцаар нь 300,426 төгрөгөөр худалдаж авах тогтоолыг гаргасан билээ. Тус "Сайн хувьцаа" гэх хөтөлбөрт нийт 1.65 их наяд бондоор босгохоор тусгагдсан байгаа. Ингээд тус хувьцааг эргүүлэн авах ажлыг Арилжааны банкнуудаар дамжуулан хийж эхэлсэн.
"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн хувьцааг 2011 онд иргэн бүрт олгосон. Тэгвэл яагаад энэ таван жилийн хугацаанд компани яагаад хууль ёсны дагуу Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгэгдээгүй, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлээгүй, Хөрөнгийн бирж дээр арилжааг эхлүүлээгүй вэ? Өнөөдөр ямар тооцоон дээр үндэслэн банкуудад гурван хувийн шимтгэл өгнө гэж байгаа вэ? гэх зүйлс байхад шударга өрсөлдөөн ярих боломжгүй.
Тэгэхээр тус үйл ажиллагаа нь үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг зөрчиж байна. Учир нь хуулинд, компанийн хувьцааг борлуулах, арилжаалах үйл ажиллагааг үнэт цаасыг борлуулах тусгай зөвшөөрөлтэй брокерийн компани, үнэт цаасны компани хийх ёстой. Хүмүүс банк дээр очоод л хувьцаагаа зарж болдог гэсэн буруу ойлголттой болох вий гэхээс айж байна.
Гэтэл өнөөдөр арилжааны банкнуудаар дамжуулан, үнэт цаасыг худалдаж авч байгаа нь банкуудын тухай хууль, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Мөн "Эдийн засгийн эргэлтэд оруулна" гэдгийг иргэд буруу ойлгож байна. Энэ нь хувьцааг иргэд хууль ёсны дагуу Хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд, иргэд чөлөөтэй хувьцаагаа арилжаалдаг болохыг хэлж байгаа юм.
Хөрөнгийн зах зээл өөрөө Санхүүгийн зах зээл болохоос биш Улс төртэй хамааралтай зах зээл биш шүү. Засгийн Газар худалдаж авна гэдэг нь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал юм. Өнөөдөр хувьцааны наймааг арилжааны банкуудаар дамжуулан худалдаалах боломжтой болчихсон юм бол Хөрөнгийн бирж, Үнэт цаасны компаниуд, Брокерууд байх хэрэггүй.
Жилийн жилд, сонгуулиас сонгууль дамжиж, "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн хувьцааг гаргахаа болиосой. Таван жил энэ асуудлыг шийдээгүй байж, яагаад заавал сонгуулийн өмнө, байхгүй мөнгийг хүүтэйгээр зээл аван байж, худалдан авах гээд байгаа учир нь юу вэ? гэж бид гайхаж байна.
Эцэст нь хэлэхэд, 1,072 хувьцааг буруу замаар ашиглан, Улс төржиж байгаад харамсаж байна" гэв.
Мөн иргэдийн дунд 1072 хувьцааны үнийг төр унагаж хямд үнээр худалдан авч байгаа нь хууль бус үйлдэл. Сонгуулийн өмнө иргэдэд мөнгө амлах нь тийм ч сайн хэрэг биш бөгөөд иргэдээс саналыг нь худалдан авч буй мэт үйлдэл болно гэлцэж байна. Зарим иргэд үлдэгдэл хувьцааг 2020 оны сонгуулиар худалдан авах бололтой. Тэр үед амжиж худалдаалах хэрэгтэй хэмээн ярилцаж байв.
Ч.Болор
Өндөр настангуудад хувьцааны мөнгө олгохгүй
Сэтгэгдэл байхгүй байна