• Эхлэл
  • Бие даан нэр дэвшигчийн ухуулах байрыг шатаахыг завджээ

Бие даан нэр дэвшигчийн ухуулах байрыг шатаахыг завджээ

2016/06/14

Архангай аймгийн хоёрдугаар тойрогт бие даан нэр дэвшиж буй Б.Мэндсайханы сонгуулийн сурталчилгааны ухуулах байрыг шатаахыг завдсан хэрэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө гарчээ. Б.Мэндсайхан Архангай аймгийн төвийн байршилд ухуулах байраа байршуулсан байна.

Гэтэл  өнгөрөгч шөнө Эрдэнэбулган сумын зургадугаар багт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын урд байрлаж буй түүний ухуулах байрыг шатаахыг завджээ.

Энэ талаар бие даан нэр дэвшигч Б.Мэндсайханаас тодруулахад “Миний бие Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 81.1-т заасны дагуу 2016 оны зургадугаар сарын 11-ний өдөр ухуулах байраа хуулийн хугацаанд байршуулсан.

Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 78.5-т заасны дагуу өөрийн хувийн эзэмшлийн самбаруудаа ашиглан, ухуулах байраа таван байршилд байгуулсан.

Өнөөдөр өглөө ухуулах байраа эргэж очтол майхныг шатаахыг оролдсон байна. Тиймээс хуулийн дагуу шалгуулах хүсэлтийг аймгийн Сонгуулийн хороо болон цагдаагийн газарт хандсан” гэв.

Харин энэ асуудлаар Архангай аймгийн Цагдаагийн газраас тодруулахад “Цагдаагийн алба хаагчид эргүүлд гарч, ажиллаж байгаа. Бид гомдлын дагуу асуудлыг шалгах болно” гэх хариултыг өгсөн юм.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 78.10-т сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглох бөгөөд 78.11-д “Энэ хуулийн 78.10-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн этгээдийг нэг сая 150 мянган төгрөгөөс нэг сая 600 мянган төгрөгөөр торгох юм байна.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна