“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг буюу 323 ширхгийг худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын 311-р тогтоолоор гаргасан билээ.
Үүнийг Сонгуулийн өмнөхөн гаргаж буй шийдвэр учраас ИЗНН-ынхан дэмжихгүй байгаагаа илэрхийлж, хэвлэлийн хурал хийлээ.
Тус намынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Цагдаагийн байгууллагаар шалгуулж, сонгуулийн өмнө иргэдийн 323 ширхэг хувьцааг худалдаж авч байгаа нь хуульд нийцсэн эсэхийг шийдвэрүүлэхээр Шүүхэд хандаж байгаа юм байна.
ИЗНН-ынхан хувьцаа нэрийн дор мөнгө тараах үйлдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргаж Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа аж.
Тэдний хэлж буйгаар “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө УИХ-ын 52 дугаар тойрогт нэр дэвшиж буй. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд мөнгө, хувьцаа тараах, амлахыг хориглосон хуультай. Тиймээс Монгол Улсын иргэн, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа өрсөлдөгчийн хувьд бидний адил Сонгуулийн тухай хууль тогтоомжийг мөрдөж, шударга өрсөлдөх ёстой” гэв.
Гэвч иргэд сонгуулийн зөрчсөн эсэхийг үл хамааран банкинд оочирлон 1072 хувьцааныхаа 30-ыг худалдахаар зогсож байна. Иргэдийн хэлж буйгаар төр засаг хоосон хувьцаа ярьж дөрвөн жилийг ардаа орхисон. Харин өнөөдөр тэд хоосон хувьцааныхаа 30 хувийг худалдан авна гэж байгаа дээр нь худалдаж мөнгө болгож авах нь зөв гэж үзэж байна. Мөн ирэх 2020 оны сонгууль хүртэл үлдэгдэл хувьцааг эргэн үхмэл байдалд нь оруулах байх гэлцэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна