УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд ач санах агуулга бүхий Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 онд боловсруулан Засгийн газраас санал авахаар өргөн мэдүүлжээ.
20 жилийн өмнө мэндэлсэн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль 2005 онд дахин шинэчлэгдсэн байдаг. Одоо энэ хуулийг цаг үеийн онцлогт тохируулан өөрчлөх шаардлага болсон.
Бодит нөхцөл байдалд үндэслэж, ахмадуудын захиалгаар Монгол Ардын Намын бүлгийн гишүүд Ач санах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Уг хуулийн төслийн гол агуулга нь ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг өргөжүүлэхэд оршиж байгаа аж.
Мөн тэдний амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна.
Энэхүү хуулийн төсөл нь 4 бүлэг, 14 зүйлтэй бөгөөд ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлах зарчмаар үзүүлэхээр хуульчилж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиас давуу талтай болсон хэмээн тэд үзэж байгаа аж.
Хуулийн төслийг боловсруулахдаа
1. Ахмад настны эрүүл мэндийг дэмжих
2. Тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох
3. Ахмадуудыг орон сууцаар хангах
4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
5. Сувилал, амралт гэсэн таван бодлогын хүрээнд анхаарал хандуулсан байна.
Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянга болж нэмэгдсэн байдаг.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль нь ахмад настан бол халамж хүртэгч гэсэн үзэл баримтлал дээр суурилсан учир нийгмийн халамжийн чанартай заалтууд голлож байдаг.
Харин ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, баялаг бүтээгч байлгах нь чухал гэсэн үзэл баримтлалыг дээрх гишүүдийн боловсруулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл нь ахмадуудын захиалгаар боловсруулагдсан юм. Иймд Ач санах тухай хуулийн төслийг “амилуулах” бодлогыг Монгол Ардын Нам дэвшүүлсэнд настнууд талархалтай байгаа юм.
Ингэснээр ахмадуудын нийгмийн баталгааг сайжруулах цогц бодлого хэрэгжих боломж бий болно.
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Сэтгэгдэл байхгүй байна