Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад олноор ирэх болжээ.
Одоогоор сонгуулийн санал тоолох машин, саналын хуудсыг орон нутагт хүргэх асуудалтай холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй байгаа тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллэв.
Харин цагдаагийн байгууллагад Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгах үүргийг хариуцаж ажиллаж байгааг дуулгалаа.
Өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 17-ныг хүртэл сонгуультай холбоотой 600 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Үүний 362 нь Улаанбаатарт, 242 нь орон нутагт холбоотой гомдол, мэдээлэл байсан байна.
Эдгээр гомдол, мэдээллийн дийлэнх хувийг сурталчилгааны зураг хуудас, эд зүйлийг гэмтээсэн гэх мэдээлэл эзэлжээ.
Мөн нэр дэвшигчийн нэр төрд халдсан, бэлэг тараасан, дайллага хийсэн, ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан тухай гомдлууд байсан аж.
Цагдаагийн байгууллагаас сурталчилгаа болон намын байранд танхайрсан, хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаа явуулсан талаар ирүүлсэн мэдээллийг шалгаж байгаа аж. Шалгалтын явцад 17 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 72, шүүхээр шийдвэрлэсэн гурван мэдээлэл байгаа гэнэ. Харин зөрчил болох нь тогтоогдоогүй 37 мэдээлэл байгаа бол одоо ажиллагаанд байгаа 469 гомдол ирсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна